АНУ-д коронавирусийн халдварын тохиолдол өнгөрсөн 24 цагт 20,000 орчмоор нэмэгдэж 163,000 давсан нь БНХАУ-аас хоёр дахин их үзүүлэлт юм. Халдварт цар тахлын улмаас 3,148 иргэн нас баржээ. Хүн ам шигүү оршин суудаг мужуудын нэг Невадад Ковид-19 цар тахлын мянга орчим тохиолдол илэрч, 20 орчим хүн нас бараад байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Католик Чэритийс орон гэргүй иргэдэд зориулсан түр орогнох газраас коронавирусийн халдвар тээгч илэрчээ. Тиймээс түр орогнох байрыг хаасан байна. Тус мужийн эрх баригчид орон гэргүй иргэдийн дунд халдвар тархах өндөр эрсдэлтэй гэж үзсэн тул тэдэнд зориулж ашиглагддаггүй авто зогсоол, талбай дээр хоног төөрүүлэх газар гаргаж өгчээ.
Хоосон талбайг хоорондоо 1-2 метрийн зайтай байхаар хайрцаглан будаж орон гэргүй иргэдэд унтах газрыг зааж өгсөн байна. Гэвч энэ байдлыг цахим орчинд шүүмжлэн егөөдөж байгаа юм. Тухайлбал Твиттер хуудсанд мужийн эрх баригчдын орон гэргүй иргэдэд зориулан хайрцаглан будсан гадаа талбайн зургийг нийтлэн “Дэлхийн хамгийн баян улсын Невада мужид орон гэргүй олон тооны иргэндээ зориулж хүйтэн бетон дээр унтах талбай гаргажээ” гэх зэргээр тайлбар хийсэн байна.
Коронавирусийн халдварын тохиолдол илэрсэн Католик Чэритийс орон гэргүйчүүдэд зориулсан түр орогнох байрыг алдарт Лас Вегас хотоос албадан нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Лас Вегас болон Кларк Каунти хотуудын захиргаанаас Кэшмэн төв дэх задгай талбай дөрөвдүгээр сарын 3-ны өдөр хүртэл орон гэргүй иргэдэд нээлттэй хэмээн мэдэгджээ.
Энд хоноглож байгаа иргэдэд гудас, нөмрөх зүйлээр хангасан ба Тоуро их сургуулийн анагаахын оюутнууд сайн дураараа ирж тэдний халууныг хэмжиж тусалсан байна.
Эх сурвалж: Newsweek, Daily Mail