Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн I гудамжинд оршин суудаг дөрвөн настай, эрэгтэй Э гуравдугаар сарын 22-ны 16:00 цагийн орчимд гэрээсээ гараад алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын таван алба хаагч, нэг автомашинтай, тус сумын Засаг даргын орлогч А.Ганбаганаар ахлуулсан 64 иргэн, ар гэрийн хоёр хүн, нийт 71 хүн эрлийн ажиллагааг эхлүүлсэн юм.
Хүү алга болоод ес хонож байгаа ч олдоогүй хэвээр байна. Харин хүүг эрэн хайх ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ. Энэ талаар Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын орлогч А.Ганбаганаас тодруулахад “Манай суманд алга болсон дөрвөн настай хүү олдоогүй.Ямар нэгэн сэжүүр илрээгүй. Хүүг гурван хоног хайгаад, эрэн хайх ажиллагааг түр хугацаагаар зогсоосон. Голын мөс бүрэн хайлж дуусаагүй учраас эрэн хайх ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан. Иймд ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, эрлийн ажиллагааг түр хугацаагаар зогсоосон. Мөс хайлаад, бүрэн унахаар дахин хайж эхэлнэ” хэмээв.