БНХАУ-д коронавирусийн халдвар газар авч, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байх үед /2020.02.27/ Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад албаны айлчлал хийж, Монголын ард түмнээс "30 мянган толгой хонь” бэлэглэж байгаа тухайгаа мэдэгдсэн нь Монгол, БНХАУ-д төдийгүй олон улсын анхаарлын төвд ороод байсан юм.
Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн дээрх айлчлалын дараа зарим аймаг, сумд болон иргэд БНХАУ-д хонь хандивлахаа мэдэгдсэн эхэлснээр, 30 мянган толгой хонины нэлээдгүй хэсэг нь хандиваар бүрдсэн.
Тухайлбал, Булган аймаг 1500, Говь-Алтай аймаг 1111, Баян-Өлгий аймаг 1080 хонь, Завхан аймаг 2234 хонь, Ховд аймаг 1000 хонь, Сүхбаатар аймаг 2000 хонь, Завхан аймаг 2234 хонь, Дорнод аймаг Баяндун сумын малчин н.Батмөнх 100 хонь, Хэнтий аймгийн Норовлин сумын иргэд 300 хонь зэргээр хандивласнаар 20 орчим мянган толгой хонь иргэд, байгууллагын хандиваар бүрдсэн юм.
Тэгвэл Монголын ард түмнээс БНХАУ-ын ард түмэнд хандивлаж байгаа "30 мянган толгой хонь" цуглуулахад ямар зохион байгуулалт хийж, хэрхэн эздэдээ очих талаар өгүүлэх баримтат киног манай улсын ТВ2 телевиз болон БНХАУ-ын ССTV /China Center television/ хамтран бүтээж байгаа ажээ.
Монголын ард түмнээс хандивласан “30 мянган толгой хонь”-ийг БНХАУ-ын тал амьдаар авах хүсэлтээ уламжилсан талаар зарим мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Энэ талаар бид ХХААХҮЯ-наас тодруулахад “Одоогоор судалгаа, шинжилгээ хийгдэж байна. Хоёр талаасаа нэгдсэн шийдвэрт хүрээгүй. Энэ долоо хоногтоо амжаад шийдвэр гарах байх” гэсэн хариуг өглөө.