АНУ-д коронавирусийн халдварын тохиолдол 150,000-д дөхөж, 2,500 иргэн нас бараад байна. Эрх баригчид халдвар эрчимтэй тархаж буй хотуудад хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж, дахин нэг сарын хугацаанд сунгасан билээ.
Эдгээр хотуудын нэг Луйзана мужийн Нью Орлеансад хорио цээр тогтоож, баар, ресторанууд хаалгаа бариад байгаа юм. Зоог, цэнгээний газрууд хаалгаа барьсантай холбогдуулан Нью Орлеанс хотын гудамжаар шөнийн цагт өлсгөлөн хархнууд язганах болжээ.
Луйзана мужид Ковид-19 цар тахлын 3,300 тохиолдол бүртгэгдэж, 130 гаруй иргэн нас баржээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ төрлийн коронавирусийг дэлхийн хэмжээний цар тахал хэмээн нэрлэсэн бөгөөд АНУ онц байдал зарласан юм.
Зоогийн газруудын хоол хүнсний үлдэгдлээр гол зогоодог хархнуудад идэх юм олдохгүй байгаа тул шөнийн цагаар нүхнээсээ гарч гудамжуудаар хоол хайж байгааг иргэд ярьжээ. Хортон шавж, ан амьтдын хяналтын газрын ажилтнууд урхи занга, өгөөш тавьж тэдгээр өлсгөлөн хархнуудыг барьж устгахаар ажиллаж байна.
Хотын захиргаанаас иргэдийг хүнсний үлдэгдлээ гудамжинд хаялгүй хогийн саванд хийхийг уриалжээ. Өлсгөлөн хархнууд хотын орон гэргүй иргэдэд аюул учруулж болзошгүй хэмээн сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: Fort Worth Star-Telegram