"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ, "Хил хязгааргүй алхам" ТББ-аас ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгаланд шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдэж мэдээлэл хийлээ. Тодруулбал, "Страто" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож өгөхийг хүссэн албан шаардлагыг өнөөдөр ЗТХЯ-нд өгсөн юм.
Зам тээврийн яамнаас асуудлыг анхааралдаа авч ажлын хэсэг гарган нөхцөл байдалд дүгнэлт хийн ажиллана гэдэг хариултыг өгсөн байна.
"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ тэргүүн Х.Мандахбаяр "Страто ХХК нь төрийн болон орон нутгийн байгууллагуудад буруу мэдээлэл өгч ирсэн. Тус компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй. Тодруулбал, нүүрс тээврийн зам барьж байгуулна гэсэн үүргийг гэрээгээр хүлээсэн ч өнөөдрийг хүртэл тавиагүй. Малын бэлчээр, ус сүйтгэж байгаль орчинд асар их хохирол учруулж байгаа. Өнөөдөр бид Зам тээврийн яамны холбогдох албаныхантай уулзлаа. Уулзалтын үр дүнд ажлын хэсэг гарч энэ долоо хоногоос ажлаа эхлүүлэх гэж байна. Тус компани маш их хуулийг зөрчиж иржээ. Хууль зөрчих бүртээ зүсээ хувилгаж байна. Түүнчлэн орон нутгийн иргэд, засаг захиргаа, яамны гаргасан шийдвэр, хуулийг “Страто” ХХК уландаа гишгэж байна. Иймд нэг компанийн асуудал мэт боловч цаана нь хэдэн арван компани ийм үйлдэл гаргаж байна. Иймд төр засаг энэ асуудалд анхаарлаа хандуулж шийдсэнээр бусад асуудал шийдэгдэх болно.
Өнөөдрийн уулзалтад Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумын Засаг дарга болон Дундговь аймгийн хоёр ч сумын Засаг дарга оролцож нутаг орны нөхцөл байдлыг ярьсан. Хамгийн сүүлийн малын бэлчээр устаж байна. Малчдын зүгээс энэ асуудлыг яаралтай шийдэхийг биднээс хүсч байгаа" гэсэн юм.