Өнөөдрийн байдлаар дэлхийн 202 улсад коронавирусийн халдвар бүртгэгдээд байна. ОХУ-ын Эрхүү хотод коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгджээ.
АНУ-д 140 мянга гаруй халдвар авч, 2400 гаруй хүн нас барсан байна.
АНУ-ын Харшил, халдвар судлалын хүрээлэнгийн захирал АНУ-д халдварын оргил үе болоогүй байна. Ирэх долоо хоногт оргилдоо хүрнэ. Математик тооцооллоор АНУ-д нас баралт 100 мянгад хүрнэ гэжээ.
Үүнээс үүдэн тус улсад зайнаас харилцах, арваас дээш хүн цуглуулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, өндөр настнууд гэрээсээ гарахгүй байх арга хэмжээг үргэлжлүүлэн авахаа мэдэгджээ.
Итали услад ням гарагт 750 хүн нас барсан. Халдар тархалт, нас баралт төдийлөн буурахгүй байгаа учир 4-р сарын 03-нд дуусахаар тогтоосон хөл хориог үргэлжлүүлэхээр болжээ. Мөн бүх хязгаарлалтын арга хэмжээг 06-р сар хүргэж цуцална гэдгээ ерөнхийлөгч нь мэдэгдлээ.
Испани улсад нэг өдрийн дотор 836 хүн нас барсан нь халдвар гарснаас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Франц улсад 296 хүн нас барж, эмнэлэгт 19 мянга орчим хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 4000 гаруй нь эрчимт эмчилгээ хийлгэж байна.
Германд халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 4000 гаруйгаар нэмэгдсэн байна.
Япон улсад 48 мянга гаруй хүнд лабораторийн шинжилгээ хийж, 1700 гаруй халдвар илрүүлсэн. Нийт 55 хүн нас барсан.
БНСУ-д 394 мянга гаруй хүнд шинжилгээ хийж 9000 гаруй халдвар илрүүлсэн. Тиймээс лхагва гарагаас эхлэн гаднаас ирж буй бүх зорчигчдыг 14 хоног тусгаарлах шийдвэр гаргажээ. БНСУ-д байнгын оршин суудаггүй хүмүүс тусгаарлалтын зардлаа өөрсдөө хариуцна.
БНХАУ-д 728 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн. Өөрөөр хэлбэл, Ази руу Европоос зөөвөрлөгдөн орж ирж байна.
Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 713 021 хүн коронавирусийн халдвараар өвчилж 33 557 хүн нас барсан байна.
Монгол Улсын хэмжээнд нийт 3886 хүнийг тусгаарлаж, ажиглалтад авсан. Одоогийн байдлаар 2368 нь тусгаарлалтад байна. Тусгаарлагдсан иргэд дунд жирэмсэн 43 эх, 1-5 хүртэлх насны 56 хүүхэд байна.
337 эмч, эмнэлгийн мэргэжилтэн коронавирустэй тэмцэх ажилд гар бие, оролцон ажиллаж байна.
Нийт 1024 эмч, багш, сувилагч коронавирусийн эсрэг үйл ажиллагаанд сайн дураараа оролцохоор бүртгүүлсэн.
Коронавирусийн халдвар авсан эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргана. Дээрх хүмүүст сүүлийн гурван хоногт таван зүйлийн сорьцоор шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Гэхдээ дээрх хоёр хүн эмнэлгээс гараад 14 хоног өөрийгөө тусгаарлах ёстой.
Анхны халдвар тээгчийн ойрын хавьтлын 59 хүнд 3 дахь удаагаа шинжилгээ хийхэд вирус мөн илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн ажиглалт, тусгаарлалтад байна.