Их Британийн ханхүү Харри, түүний эхнэр Меган нар хатан хааны гэр бүлээс тусдаа амьдарч, үүрэг хариуцлагаасаа татгалзсаны дараа Канад улсад амьдарч байсан юм. Гэвч тэд Канадаас нүүж АНУ-д ирсэн билээ. Өнгөрсөн хугацаанд тэднийг амьдруулж байсан Канад улсын Засгийн газар хааны удмын гэр бүлээс гарч байгаатай холбогдуулан Харригийн гэр бүлийн аюулгүй байдлыг хангах боломжгүй гэдгээ мэдэгджээ.
Энэ мэдээг сонссон Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп тэдэнд хандан “Хатан хааны сайн найз, шүтэн бишрэгч нь байсан билээ. Гэхдээ Харри, Меган нар төлбөрөө төлөх ёстой” хэмээн жиргэжээ. Трампын үзэж буйгаар Харригийн гэр бүлийн аюулгүй байдлыг Нэгдсэн улс хангаж байгаа тул үүнийхээ төлбөрийг зохих ёсоор төлөх шаардлагатай юм байна.
Харин Харри, Меган нар АНУ-д ирсэн ч олон нийтийн дунд аюулгүй байдлаа хамгаалуулах хүсэлт тавихгүй гэжээ. Коронавирусийн халдварын тархалт АНУ-д эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед тэд Меганы төрөлх нутаг Калифорниа мужид нүүж ирсэн байна.
Ханхүү гэр бүлийн хамт энэ сарын 31-ний өдөр албан ёсоор хааны удмын гэр бүлийн үүрэг хариуцлага, нэр хүндээс салах юм. Ням гарагт хийсэн мэдэгдэлд тэд аюулгүй байдлаа хамгаалах асуудлыг хувиараа бие даан шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: ВВС