СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэтхэг Улсад эмчилгээ хийлгэхээр очсон монголчууд туйлдаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Ой хүрээгүй хүүхдэдээ өгөх нэмэлт тэжээл, бантан хийх махгүй болжээ

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар эрчимтэйгээр тархах эрсдэлтэй байгаа аж. Анх нэгдүгээр сарын 30-нд тус улсад коронавируст халдварын гурван тохиолдол бүртгэгдэж, бүрэн эдгэрсэн билээ. Харин гуравдугаар сарын 3-нд дахин халдвар илэрч, 20 хоногийн дотор 1000 орчим хүн коронавирусээр өвчилжээ. Үүнтэй холбоотойгоор гурван долоо хоногийн хорио тогтоож, нөхцөл байдал хүндэрсэн байна. Энэтхэг Улсад байгаа монголчууд ямар нөхцөл байдалд орсон талаар мэдээлэл бэлтгэлээ.

Дели хотын 10000 хүнтэй хороололд 1-2 хүнсний дэлгүүр ажиллаж байна

Энэтхэг Улсын Дели хотод түр амьдарч байгаа иргэн Б.Хөвсгөлтэй холбогдоход “Энд нөхцөл байдал өдөр ирэх тусам хэцүү болж байна. Гурван долоо хоногийн хугацаанд хөл хорио тогтоосон ч энэ өдрүүдэд хэрхэн ажиллах талаар төлөвлөгөө гаргаагүй юм шиг санагдсан. Яг үнэнийг хэлэхэд ямар ч төлөвлөгөө, зохион байгуулалт алга. Улс орон дотор болон бусад орнуудтай агаар, төмөр зам, газрын гээд бүх тээвэр хаагдсан.

Ингэснээр ажилгүй болсон иргэд өөрсдийн амьдардаг байсан тосгон руугаа буцахаар дугаарлаж байна. Тэд амьдрах газар, өдрийн хоол, хүнсний мөнгө зэрэг байхгүйн улмаас явж байгаа бололтой. Өчигдөр гэхэд Дели хотын “Anand Vihar Bus Station” гэдэг хот хоорондын автобусны буудалд хэдэн мянган хүн цугларсан. Энэ нь хөл хорионы утга учир алдагдаж байна гэсэн үг. Хэрэв тэр газар халдвартай хүн байх юм бол олон хүн зэрэг вирусийн халдвар авах магадлал өндөр байгаа юм. Энэтхэг Улсын Ерөнхий сайд хөл хорио тогтоохдоо “Хоол, ундны анхан шатны хэрэгтэй зүйлс зардаг дэлгүүр болон эмийн сан нээлттэй, хэвийн ажиллах болно” хэмээн мэдэгдсэн.

Гэтэл . Тэр дэлгүүрт сүү, ус, хүнсний ногоо, жимс, алим зэргийг зардаг. Гэхдээ цаанаасаа нийлүүлж байгаа бараа, бүтээгдэхүүн цөөн тоогоор ирдэг. Тухайлбал, манай хажуугийн дэлгүүрт өнөөдөр (өчигдөр) сүү ирээгүй. Нэг хоногийн дараа ирнэ гэсэн хариулт өгсөн. Би хүүхдүүдтэйгээ энд байгаа. Бага охин маань ой хүрээгүй хөхнөөс гарсан тул тэжээл хэрэглэдэг. Гэтэл өөрийнх хэрэглэж байсан тэжээл олдохгүй байгаа учраас эмийн санд орлуулж хэрэглэх юу байна түүнийг өгч байгаа. Мах, махан бүтээгдэхүүн энд хэрэгтэй хүнсний тоонд ордоггүй учир олдохоо больсон.

Үүнээс болж бантан ч хийж өгж чадахгүй байгаа. Өөрийнхөө нөхцөл байдлыг танилцуулж Элчин сайдын яамтай холбогдоход миний болон хүүхдүүдийн маань паспортын хуулбарыг бүртгэж аваад, “Монгол Улсын гадаад хэргийн яам руу явуулсан” гэж хэлсэн. Би нялх хүүхэдтэй, хурдан эх орон руугаа буцах хүсэлтэй байгаагаа хэлэхэд “Энэтхэг Улс дөрөвдүгээр сарын 15 хүртэл хилээ хаасан учраас тэр хүртэл ямар ч нислэг байхгүй” гэж хариулсан.

Гэтэл зарим улс орнууд зохицуулалт хийж иргэдээ авч байгаа юм билээ. Энд байгаа монголчуудын ярьж байгаагаар виз нь дууссан, эмчилгээний дараа эх орон руугаа буцаж чадахгүй олон хүн байна. Хоол, хүнсний зүйлд гадагшаа гарахаар хүмүүс ялгаварлан гадуурхах үйлдэл үзүүлж байгаа. Тухайлбал, “Ази царайтай, корона” гэх мэтээр дуудаж сэтгэл санаанд нь нөлөөлж байгаа гэсэн. Бид Монгол руу явахын тул Энэтхэг Улсын өөр мужаас Дели хотод ирчихсэн байсан. Уг нь бидний нислэг гуравдугаар сарын 13-нд байлаа. Даанч хөл хорионд ороод цуцлагдсан. Бид энд байр түрээсэлж амьдарч байгаа” хэмээн ярив.

Бэлэн мөнгөгүй болсноос хоолгүй болсон

Монголчууд энэтхэг рүү эмчилгээнд явах нь олон. Үүний нэг нь Б.Мөнхзул бүсгүй. Тэрбээр “Бид бага охиноо хагалгаанд оруулахын тулд өнгөрсөн хоёрдугаар сарын 19-нд энд ирсэн. Хагалгаанд хоёр хоногийн дараа ороод, 45 хоногийн эмчилгээ хийлгээд Монгол руугаа буцах байсан юм. Бидний буцах хугацаа ирэх сарын 1-нд байсан. Энэтхэг Улс гурван долоо хоногийн хугацаатай хөл хорио тогтоосны улмаас энд 15 хоног байхаар боллоо.

Гэтэл бид энд хагалгааны зардал, 45 хоногийн буудал, хоол, хүнсний мөнгөтэй ирсэн. Үнэнийг хэлэхэд одоо надад 240 мянган төгрөг л байгаа. Өдрийн хоол, хүнс, буудлын мөнгө 130 мянган төгрөг болдог.Монголд байгаа гэр бүлээс маань мөнгө явуулж байгаа ч банк, бэлэн мөнгөний машин ажиллахгүй байгаа учраас авч чадахгүй байна. Охин маань хагалгаандаа ороод бие нь гайгүй болж байгаа хэдий ч дахин зургаан сарын эмчилгээ хийлгэх шаардлагатай. Хөл хорио тогтоосон болохоор 45 хоногийн эмчилгээгээ хийлгээд л зогсоно. Эмнэлгийн байгууллагаар явж байгаа учраас буудлаас гарахыг зөвшөөрч байгаа.

Гэхдээ гадуур явахад халдвар авах магадлал өндөр. Тэгэхээр тусгаарлалтын хугацааг тооцож үзвэл, нийтдээ хоёр сар гаруйн хугацаанд охин маань эмчилгээ хийлгэж чадахгүй болж байна. Мөн Элчин сайдын яамнаас хөл хорио тогтоох гэж байгаа талаар монголчуудад мэдээлээгүй. Нэг л өглөө босоод ирсэн чинь буудлын хаалга түгжээтэй, гадаад иргэдийг буудлаас гарахыг хориглосон. Гэтэл тэр хүмүүс Энэтхэгийн Засгийн газрын мэдээллээс иргэддээ ядаж хөл хорио тогтооно гэснийг дамжуулж болно доо.

Элчин сайдын яам руу мэдээлэл авахаар холбогдоход утсыг нь гадаад хүн авсан. Яагаад бүхэл бүтэн Монгол Улсын Элчин сайдын яамны утсыг гадаад хүн аваад, харь хэлээр монголчуудтай яриад байгаа юм бэ. Монгол, Ганболд, Батсуурь гэдэг үгнээс өөр үггүй би арай гэж холбогдсон. Бид гурвын Монголоос авчирсан мах дуусаж байгаа. Үлдсэн жаахан махаараа охиндоо шөл хийж өгөх хэрэгтэй учраас хүү бид хоёр хоолоо сойж байгаа. Одоо бидэнд долоо хоногийн хоолны нөөц бий. Цаашид хэрхэхийг мэдэхгүй” гэлээ.

Буудлаасаа ганцаараа гарвал халдлагад өртөнө

Зүрхний хагалгаанд орохоор очсон хүүгийн аав Б.Энэрэлтэй холбогдоход “Бид хүүхдээ зүрхний хагалгаанд оруулахын тулд энд өнгөрсөн хоёрдугаар сард ирсэн. Гуравдугаар сарын 11-нд буцах байсан ч тэр өдөр хөл хорио тогтоож явж чадаагүй. Буудлын төлбөр тооцоогоо төлөөд, хүлээлгээд өгсөн хойно хөл хорио тогтоосон. Тэгээд арай гэж дахиад буудал олсон. Энд буудлын хүрэлцээ боломжийн байгаа хэдий ч гаднын иргэдэд хөлслүүлэхгүй гэсний улмаас буудал олдохгүй байгаа. Монголоос авчирсан мөнгө, мах хэдийн дууссан. Одоо цаашид яаж амьдрахыг мэдэхгүй байна. Буудлаасаа гарахгүй байгаа. Гарсан тохиолдолд эхнэр, хүүхэд хоёртойгоо цуг явж байна. Ганцаараа явах юм бол хүмүүс “Азиуд, коронавирус тээгч” зэргээр халддаг. Мөн элдэв зүйл шидэх зэрэг түгшүүртэй байгаа. Бид өөрсдөө эмнэлгээ судлаад хувиараа эмчилгээнд ирсэн болохоор маш хэцүү байгаа. Гэхдээ одоогоор хараахан визний хугацаа дуусаагүй болохоор гар утас хаагдаагүй. Зарим монголчуудын визний хугацаа дуусангуут гар утсыг нь цаанаас нь хааж байгаа юм билээ.

Тэгээд тэд гэр бүлийнхэнтэйгээ холбогдож чадахгүй байна. Энд ер нь эмчилгээнд ирсэн хүмүүст маш хэцүү байна. Хоол, хүнсний нөөц бараг байхгүй. Манай хороололд зөвхөн ганцхан дэлгүүр ажиллаж байгаа. Тэр. Тэд биднийг вирус тэгээд ирчихсэн юм шиг ойлгож байна” гэв.

Г.Ганболд: Энэтхэг Улсад бүртгэлтэй 172 хүн байна. Энэ тоо цаашид нэмэгдэнэ

Харин Энэтхэг Улсад суугаа Монгол Улсын Элчин сайд Г.Ганболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-“COVID 19” дэлхий нийтэд хурдацтай тархаж байна. Энэтхэг Улсад нөхцөл байдал ямар байна вэ?

-Одоогоор нөхцөл байдал амаргүй байна. Энэ сарын 25-наас эхлээд орон даяар хөл хорио тогтоосон. Эхний долоо хоног нь арай дуусаагүй байна. Хүн ам ихтэй, том газар болохоор коронавирусийн тохиолдлын тоо нэмэгдэж байна. Гэхдээ дийлэнх нь импортлогдож орж ирсэн тохиолдлууд.

-Одоогоор Энэтхэг Улсад хэчнээн тооны монголчууд байна вэ?

-Энд урт болон богино хугацаанд оршин суугаа, сургалтанд суухаар ирсэн зэрэг нийтдээ 172 хүний бүртгэл байна. Үүн дээр манай улсын лам оюутнууд бий. Гэхдээ энэ тоо цаашаа нэмэгдэх байх. Учир нь цаг, минут тутамд хүмүүс эх орон руугаа буцах хүсэлтээ гаргаж байна.

-Монгол иргэд ямар орчинд байгаа талаар мэдээлэл байна уу?

-Уг нь нэлээд тусгай орчинд байдаг. Бид энд суугаа өөрийн улсын иргэддээ хандаж “Эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийнхээ дэглэмийг сахих, амин дэмтэй хоол хүнс хэрэглэж биеийнхээ дархлааг дэмжих, тайван байх” зөвлөмжүүдийг тогтмол өгч байгаа.

-Монгол Улсаас эмчлүүлэх зорилгоор Энэтхэгт очсон цөөнгүй хүн байгаа. Тэдгээр иргэний амьдрах байр, визний хугацаа, хоол хүнс зэрэг асуудал хүндхэн байгаа гэдэг мэдээлэл байна. Энэ талаар танай яаманд гомдол, мэдээлэл ирсэн үү?

-Энд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн хүмүүс бий. Ер нь жил бүр л эмчилгээ, хагалгаанд орохоор манай иргэд ирдэг. Визний тухайд гэвэл, дөрөвдүгээр сарын 15 хүртэл Энэтхэг Улсад суугаа гадаадын бүх иргэдийн визийг сунгаснаар тооцсон. Харин түүнээс хойш цахимаар гурван сар сунгах боломжтой байгаа. Эмнэлэгт хэвтээгүй, амбулториор үйлчлүүлж байгаа иргэд тухайн эмнэлэгтээ ойрхон байр түрээслэдэг. Мөн албан ёсны орчуулагч болон оюутнуудыг хөлсөлж ажиллуулдаг. Дээр хэлсэнчлэн хөл хорио тогтоосон учир эмнэлэгт олон хүн оруулахгүй байна. Тухайлбал, нэн шаардлагатай гэсэн нэг хүнийг л эмнэлэгт оруулж байгаа. Олон нийтийн сүлжээгээр иргэд бидэнд хандаж санал, хүсэлт гаргаж байна. Бид ч аль болох иргэдтэй уулзаж, ярилцаж байна. Зарим иргэний амьдарч байгаа байртай очиж танилцсан.

Элчин сайдын яамнаас шаардлагатай арга хэмжээ авч байгаа гэсэн ч иргэд ямар нэгэн мэдээлэлгүй, хоол хүнсний хомсдолд орсон гэдгээ хэлсэн. Иймд тэд эх орон руугаа яаралтай буцах арга хэмжээ авч өгөхийг хүсэж буй. Энэтхэг Улсад эмчилгээнд очсон иргэд туйлдаж байна.

Д.Чанцалдулам

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.