Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн өнгөрсөн долоо хоногт гаргасан шийдвэрээр тус улсын 1,3 тэрбум иргэн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хорио цээрийн дэглэмд шилжсэн юм.
Гэвч энэ нь олон сая ядуу иргэдийг турж үхэхэд хүргэх ба ажлын байрыг мянга мянгаар нь үгүй хийж байна. Тиймээс Ерөнхий сайд ард түмнээсээ албан ёсоор уучлалт гуйж дөрвөн цаг орчмын турш радиогоор тайлбар хийжээ. Тэрээр “ард иргэдээ гэртээ байх хорио цээрийг хэрэгжүүлж байгаадаа гүнээ хүлцэл өчиж байна, гэвч халдварт цар тахлыг зогсоох өөр арга байхгүй” гэдгийг хэлсэн байна.
Эх сурвалжийн дамжуулснаар хорио цээр тогтоох гэнэтийн шийдвэрийн дараа олон арван мянган ажилчин төрөлх тосгон руугаа хэдэн зуун км замыг туулж гэртээ харих хэрэгтэй болжээ. Гурван долоо хоног үргэлжлэх хорио цээрийн үед иргэд гэрээсээ гарах, олон нийтийн цугларалтад очих хориотой ба эмийн сан, хүнсний дэлгүүр, эмнэлгээс бусад бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосон юм.
Нийтийн тээврийн хэрэгслийн үйл ажиллагааг зогсоосноос болж өнгөрсөн бямба гарагт 270 км замыг алхаж туулан гэртээ харих гэж байсан нэг ажилчин нас барсан байна. Энэтхэгийн Засгийн газар ядууралтай тэмцэх 22 тэрбум ам.долларын төсвийг өнгөрсөн долоо хоногт баталсан. Үүнд ядууст үнэгүй хоол хүнс, бэлэн мөнгө тараах шийдвэрүүд багтжээ.
Тус улсад коронавирусийн халдварын 1,000 гаруй тохиолдол бүртгэгдэж 25 иргэн нас баржээ. Эрүүл мэндийн шинжээчид Энэтхэг халдварын илрүүлэг, оношлогооны чадамж сул орнуудын нэг тул бодит тоо баримт мэдэгдэж байгаагаас ч их байгаа гэж зовниж байгаа юм.
Эх сурвалж: ВВС