Ковид-19 коронавирусийн халдвар хамгийн эрчимтэй тархаж буй улс Америк болоод байна. Тус улсад халдварын тохиолдол хоногт 18,000-р нэмэгдэж, 141,854 болсон бөгөөд 2,500 иргэн нас баржээ. Дэлхийн хэмжээнд коронавирусээр 721,500 иргэн халдварлаж, нас барагсдын тоо 34,000-д хүрээд байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хорио цээрийн дэглэмийг улс орон даяар дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгалаа. Түүний үзэж буйгаар ирэх хоёр долоо хоногийн хугацаанд эндэгдлийн тоо хамгийн өндөр хэмжээндээ хүрч нэмэгдэх тул хорио цээрийг сунгах нь зүйтэй гэжээ.
Коронавирусийн халдвартай тэмцэхэд Трампын ажлын албыг ахалж буй доктор Энтони Фаучи цар тахлаар Америкийн сая сая иргэн халдварлаж, 200,000 хүртэл иргэн амь насаа алдаж болзошгүй гэсэн таамгийг дэвшүүлсэн байна.
Хэрэв америкчууд нийгмийн харилцаанаас зайгаа авч, өөрсдийгөө тусгаарлаж чадвал ялалт байгуулж, ирэх зургадугаар сараас улс орноо сэргээх алхамыг хийж эхэлнэ хэмээн Ерөнхийлөгч хэлжээ.
Халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж буй улс орнуудад тулгарч буйн адил АНУ-д ч мөн амьсгалын аппарат, амны хаалт, эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн хомсдол үүсээд байгаа. Трамп эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөө нөөцлөн, нууж байна хэмээн зэмлэжээ.
Эх сурвалж: BBC