Эрүүл мэндийн яамны мэдээлснээр дэлхийн 201 орон тусгай бүсэд коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн байна.
Дэлхийн улс орнууд болон эмч мэргэжилтнүүд, судлаачид коронавирусийн халдварын хоёр дахь давлагаа эхэлсэн гэдгийг мэдэгдсэн ба залуучууд, хүүхдүүд энэ давлагаанд өртөж байна гэжээ. Гэхдээ залуучууд, хүүхдүүд хүнд хэлбэрээр бус хөнгөн хэлбэрээр халдвар тээж дамжуулах үүрэгтэй байгааг онцолжээ.
Монгол улсад өнөөдрийн байдлаар 3,883 иргэн тусгаарлагдаж байна. Тэдгээр иргэдтэй 320 эмч хамт тусгаарлагдан ажиллаж байна.
Түүнчлэн Ковид-19 цар тахлыг эдгээх цуу яриа, хуурамч эмчилгээг мэргэжлийн бус хүмүүс санал болгох явдал дэлхийн нийтэд их байгаа тул тэдгээрээс сэрэмжилж зөвхөн ДЭМБ-ын батлагдсан дүрэм журмыг дагахыг зөвлөж байна.
Өнөөдөр ХӨСҮТ-д 220 гаруй хүн сэжигтэй байдлаар хянагдаж, эмчлэгдэж байгаа ба халдвар авсан иргэдийн биеийн байдал хэвийн эмчилгээ үр дүнтэй байгаа ажээ.
Улсын хойд хилийн урсгалд голлох байр эзэлдэг Дархан-Уул аймагт коронавирусийн шинжилгээ хийх бүрэн боломжтой болсон бөгөөд оношлуурыг илгээжээ. Мөн Дорнод, Ховд зэрэг нийт дөрвөн аймагт коронавирусийг илрүүлэх оношлуур, шинжилгээний газрыг байгуулах бэлтгэлээ хангаж байна.