Умард Солонгос улс өнөөдөр өглөө Японы тэнгис рүү сарын хугацаанд зургаа дахь удаагаа тодорхойгүй пуужингийн систем харвасан талаар мэдээллээ. Япон улсын өөрийгөө хамгаалах хүчний мэдэгдсэнээр Умард Солонгосын харвасан пуужин эдийн засгийн онцгой бүсийн гадна талд унасан байна.
Тиймээс богино хугацаанд удаа дараа хийж буй пуужингийн туршилтууд нь Умард Солонгос, Япон хоёр улсын харилцаа, олон улсын хамтын нийгэмлэгт онцгойлон авч үзэх асуудал бөгөөд туршилтуудын талаар мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж ард түмнийхээ аюулгүй байдлыг хамгаална гэдгээ Японы тал мэдэгджээ.
Умард Солонгосын хийсэн туршилтын талаар Өмнөд Солонгос, АНУ-ууд мэдэгдсэн ч ойрын зайд харвах хүчин чадалтай гэдгээс бусад ямар төрлийн пуужин харвасныг хараахан тогтоогоогүй байна.
Пхеньян удаан хугацаанд баллистик пуужингийн туршилтаа зогсоогоод байсан ч ойрын нэг сарын хугацаанд эрчимжүүлсэн дүр зураг ажиглагдаж байна. Энэ сарын 9-ний өдөр Умард Солонгосын Сондокоос гурван ч үл мэдэгдэх пуужин харвасан билээ.
Олон улсын ажиглагчид Өмнөд Солонгос, Америкийн хамтарсан цэргийн сургуулилалтыг эсэргүүцэн урьдчилан төлөвлөсөн байсан гэж үзжээ.
Эх сурвалж: CNN