СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-03-27

Г.Занданшатар: Сорилтын үед банкууд харилцагчдаа бодсон стандарт бус шийдвэр гаргах хэрэгтэй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын Байнгын хороодын зарим дарга нарын хамт холбогдох яам, газар, банкны салбарын төлөөллийг өнөөдөр (2020.03.27) хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга корона вирусийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судлах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээр дүгнэлт гаргах ажлын 4 хэсэг Эдийн засгийн, Төсвийн, Хууль зүйн, Төрийн байгуулалтын байнгын хороон дээр тасралтгүй ажиллаж, Засгийн газарт чиглэл өгөн ажиллаж байгаа талаар товч танилцуулжээ.

 

Банкны салбарынхантай өмнө нь цахимаар уулзаж, албан бичгээр ирүүлсэн саналуудтай танилцаад Монголбанктай хамтран холбогдох шийдвэр гаргаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар дурдаад, энэ удаагийн уулзалтаар ажил хэрэгч санал, санаачилга гарна гэдэгт итгэж байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр “Улстөржих, талцах цаг биш. ” хэмээн онцоллоо. 

Уулзалтаар хөндөгдөж буй асуудалтай холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин болон арилжааны банкны төлөөлөл хамтран ажиллах арга хэлбэр, тулгамдсан асуудал, зайлшгүй шаардлагатай арга хэмжээний талаар санал бодлоо илэрхийлэв. Тухайлбал, зарим хуульд онцгой нөхцөлтэй уялдуулан түр хугацаанд үйлчлэх нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй байгааг дурдав. 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар “Хуулиар ердийн хууль хэлэлцэн батлах хугацаа багадаа 45 хоног байдаг. Гэхдээ нэн яаралтай горимоор хуулийг хэлэлцүүлэх эрх Засгийн газарт бий. МҮХАҮТ, Монголбанк, Банкуудын холбоо үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан нэг удаагийн зохицуулалтын шинжтэй хууль тогтоомжийг Засгийн газарт танилцуулан, яаралтай горимоор хэлэлцүүлэх боломж байгаа” гэдгийг онцоллоо. 

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар банкны салбарынханд:

-Цаг үеийн шаардлагыг харгалзаж, хамтарч нэгдэн, ойлголцож ажиллах,

-Бэлэн бус төлбөр тооцоог идэвхжүүлэхэд анхаарсан бодлого гаргаж, Монголбанктай хамтран ажиллах

-Банкны салбарт дижитал шилжилт хийх 

-Монголбанкнаас зээлийн батлан даалтын санг идэвхжүүлэх замаар банкууд зээл олголт, экспортыг дэмжих 

-Банкууд ашгийн хувиа багасгаж, зардлаа танах арга хэмжээ авах, зорилтот бүлгийн зээлийн хугацааг чөлөөлөх, хөнгөлөх асуудлыг хэрэгжүүлэх чиглэл өглөө. Тэрбээр “Хүн төрөлхтөн ойрын үед тохиолдоогүй том сорилтын үед ирээд байна. Эцсийн эцэст харилцагч нар чинь муудвал банкуудын байдал хүндэрнэ” гэсэн юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.