Энэ онд Засгийн газраас ипотекийн зээлд зарцуулах санхүүжилт 60 тэрбум төгрөг байхаар тусгасан 900 гаруй зээлдэгчийн асуудлыг шийдвэрлэхэд төлөвтэй гэдгийг холбогдох байгууллагууд тооцоолжээ.
Коронавирусийн нөлөө эдийн засагт нөлөөлж байгаа энэ үед арилжааны банкууд хэрэглээний болон ипотекийн зээл олголтоо хумьж эхлээд байна гэх мэдээлэл иргэдийн дунд байгаа.
Уг мэдээллийн дагуу бид Барилга хот байгуулалтын яамны Ипотекийн зээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Батболдоос тодруулахад “Өнгөрсөн оны нөөц болон энэ оны хөрөнгөөс тодорхой хэмжээгээр ипотекийн зээл олгохоор арилжааны банкуудад шилжүүлсэн. Өнгөрсөн хоёр сарын байдлаар нийт 500 гаруй иргэнд ипотекийн зээл олгосон. Энэ сарын зээлийн мөнгөө арилжааны банкуудад шилжүүлсэн. Гэхдээ бага дүнгээр ирэх дөрөвдүгээр сард Ипотекийн зээлийн шинэ журам гарахаар санхүүжилтийн хэмжээ нэмэгдэх байх.
Ирэх зургаадугаар сар хүртэлх олгох ипотекийн зээлийн мөнгийг төсөвлөсөн. Цаашид хүртээмжтэй үргэлжлүүлэх эсэхийг дараа сард гарах журмаар зохицуулна. Банкуудад санхүүжилт бага очиж байгаа учраас тэр болгон иргэдэд зээл олгохгүй байгаа байх. Мэдээж банкууд эрсдлээ тооцож, зээлээ төлөх боломжтой иргэдэд олгож байгаагаас үүдэн иргэдийн дунд ипотекийн зээл олгохгүй байна гэх яриа гарч байгааг үгүйсгэхгүй” гэсэн юм.
2016 оноос хойш ипотекийн санхүүжилт бага багаар хумигдсаар 2020 оны байдлаар цөөн тооны өрх ипотекийн зээлд хамрагдахаар байна.