Өмнөд Африкийн Лесотогийн вант улсын Ерөнхий сайдын одоогийн эхнэр Мезайя Табане өөрийн биеэр цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгчээ. Тэрээр Ерөнхий сайд Томас Табанегийн хуучин эхнэрийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа юм. Цагдаагийн газраас Томас болон Мезайя Табане нарыг шалгаж мэдүүлэг авсан ба Ерөнхий сайдын эхнэрийг гэм буруутай гэж үзжээ.
Томас Табанегийн хуучин эхнэр Липолело Табане 2017 онд Ерөнхий сайдыг тангараг өргөхөөс хоёр хоногийн өмнө нийслэл Масеру хот дахь гэрийнхээ гадаа буудуулж амиа алдсан юм. Тухайн үед 58 настай Липолело нөхрөөсөө удаан хугацаанд тусдаа амьдарч, салж байжээ.
Уг аллагын гэмт хэрэгт нэр нь үл мэдэгдэх зэвсэглэсэн бүлэг этгээдийг буруутгаж байсан ч одоогийн шүүх бүрэлдэхүүн баримт нотолгоог эргэн шүүж үзсэний үндсэн дээр 42 настай Мезайяг баривчлах шийдвэр гаргасан байна. Энэ хугацаанд эзгүй байсан Ерөнхий сайдын эхнэр мягмар гарагт эх орондоо ирж сайн дураараа цагдаагийн газарт очжээ. Түүнийг баривчлан саатуулсан бөгөөд батлан даалтад суллах болон шүүхэд хэзээ дуудах нь тодорхойгүй үлдэж байна.
Лесото болон Өмнөд Африк улсуудын найман иргэнийг уг аллагын гэмт хэрэгт буруутгаж байгаа ажээ. Түүнчлэн Ерөнхий сайд Табанег нэн даруй огцрохыг шаардсанаар тэрээр өнгөрсөн сард ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC