Дэлхий хүн амын 2/3, нийт худалдааны 80 хувь, ДНБ-ий 90 хувийг бүрдүүлдэг Бүлэг 20 орны шуурхай хуралдаан цахим хэлбэртэйгээр явагдаж байна. Коронавирусийн тархалтаас үүдсэн эдийн засгийн хямралыг даван гарахын тулд Бүлэг 20 орон таван их наяд ам.долларын сан бүрдүүлэхээр болжээ.
Саудын Арабын хаан Салман дээд хэмжээний тусгай үүргийн хурлыг даргалж байна. Хөгжлөөрөө тэргүүлж буй 19 орон, Европын холбоо хамтын хүчээр хөгжиж буй, ядуу буурай орнуудад туслах үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй хэмээн тэрээр уриалж байгаа юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес Бүлэг 20-ийг цар тахалтай тэмцэхийн тулд дайны үеийн байдалд шилжихгүй бол нөхцөл байдал 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас ч хүнд тусахыг сэрэмжлүүллээ. Хятадын дарга Си Зиньпин их гүрнүүдэд хандан бараа бүтээгдэхүүний татвараа бууруулж, худалдааны хорио цээрийг арилгах нь дэлхийн эдийн засгийг дэмжинэ хэмээн уриалжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс орон бүр мэдээллээ ил тод нээлттэйгээр бусадтайгаа хуваалцах нь чухал гэдгийг онцолж цахим хуралдаан үр дүнтэй болсныг сайшаан магтсан байна. Харин Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Бүлэг 20 орон Ковид-19 цар тахлын эсрэг эмчилгээнд анхаарлаа хандуулж хамтран ажиллахыг уриалжээ.
Энэ удаагийн цахим хуралд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг олон улсын байгууллагууд болоод Испани, Йордан, Швейцарь, Сингапур улсууд уригдсан байна.
Эх сурвалж: KBS World, Kyodo News