Ардчилсан нам “Цалингийн доод хэмжээг 3 сая төгрөг болгож, орлогоороо орон сууцтай болох бодлого хэрэгжүүлнэ” хэмээн амлаж байгаа бол МАХН “Хүүгүй, урьдчилгаагүй орон сууцны зээлд хамруулж, цалинг 5 саяд хүргэнэ” хэмээн ил тод мэдэгдлээ. Эрх баригч МАН ч “тренд”-ээс хоцрохыг хүссэнгүй, “Нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүр орон сууцанд ордог болно, орлогыг нэмэгдүүлнэ” гэлээ.
Бэлэн мөнгөний амлалтад бялуурсан, олон жил “хулхидуулсан” түмэн олон эдгээрийг түрхрэн эсэргүүцэж, энэхүү байр сууриа өөр өөрсдийн “мэдээллийн” орон зайдаа илэрхийлсээр байна.
Улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрийг харахад, хоёр том нам болох МАН ба АН-ын амлалтаас харахад ирэх дөрвөн жилд та бидний амьдралд дорвитой өөрчлөлт орохгүй болох нь тодорхой болчихлоо.
Монголд юу л байна, асуудал байгаад байгаа. Асуудалгүй, зөв гольдролоор явж байгаа нэг ч салбар байхгүй болоод олон жил болж байна. Эрүүл мэнд, боловсрол, хууль эрх зүй, шинжлэх ухаан, шашин гээд бүхий л зүйлд улс төр гэдэг мангаа хуруугаа дүрж, их, дээд сургуулийн Удирдах зөвлөлд улстөрчид хээв нэг суухаас өгсүүлээд, хууль эрх зүйг өөрсдийн хүслээр удирддаг болоод он удаж байна.
Төр гэх 180 мянган ажилтантай, хамгийн их хөрөнгөтэй компанийн дүрээр ажиллаж байна. Тус компанийн баялгаас хуваалцахыг хүссэн, амьдрал ахуйгаа дээшлүүлэхийг хүссэн бүхэн улс төр рүү үхэлдэн зүтгэлдэж байна.
Угтаа бол төрийн албан хаагчдын тоог цомхотгож, төрийн өмчийг үгүй болгож гэмээнэ энэ бүхэн зөв гольдролдоо орж таарна. Төрийн өмчийг үгүй хийсэн Маргарет Тетчерийг английн ард түмэн гурвантаа улираан сонгож байсан түүхтэй.
Төр өмчгүй болсон цагт улс төр эрүүлжинэ. Төрийн албан хаагчдын тоо буурна. Бизнес, хувийн салбар хөгжлийн замаараа урагшилна. Улстөрчдийн гар, хөл салбар бүрээс сална. Улс төрч хэмээх цэвэр мэргэжлийн хүмүүс төрөн гарч, тэр хэрээр бүх салбар эрүүлжин, өөрсдийн дүрэм, журмаар замнадаг болж, хөгжлийн замдаа орох болно. Либералчлагдана. Дагаад, эрүүл мэнд, боловсрол, хууль эрх зүйн салбар улс төрийн нөлөөнөөс гарна. Үгүйдээ л нөлөөнөөс гарах замдаа орно.
Гэтэл өдгөө ингэж ярьж байгаа ямар улстөрийн хүчин Монголд байна вэ? Тэд бидэнд юу амлаж байна вэ? Хэн 1990 он хүртэл Зөвлөлтөд суралцаж төгссөн 30 мянган боловсон хүчний том бодлогыг одоо цагт авчрах тухай ярьж байна? Үгүйдээ л монгол хэл, бичиг болон англи хэлийг төрийн хэл болгоё гэж хэн уриалж байна вэ? Монголын залуусыг хэн дэлхийн боловсролтой хөл нийлүүлэх бодлогыг сурталчилж байна вэ? Эрүүл мэндийн салбарт дорвитой өөрчлөлт гаргах бодлогоор хэн “өвчилж” байна вэ?
Харамсалтай нь, хэн ч алга. Мөрийн хөтөлбөрөө сурталчилсан яриануудад энэ сэдвийн хэлтэрхий ч алга. Хэн ч алга учраас лавтайяа 2024 он хүртэл бидний амьдралд ямар ч өөрчлөлт гарахгүй нь тодорхой боллоо. Гунигтай!