Засгийн газар мал аж ахуйн салбараа түшиглэн орлого олох боломжийг эрэлхийлж, ОХУ, БНХАУ, Японд мах экспортлох болсон билээ. Стратегийн хүнс болох махаа экспортлохдоо тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулж ч байгаа. Үүнтэй зэрэгцээд өмнөд хөршийн иргэд олноороо ирж, мах авч, хадгалах явдал олширсон. Тиймээс тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллага хамтран аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүсийн эзэмшлийн агуулахыг шалгаж их хэмжээний мах нөөцөлсөн байсныг ч илрүүлэн хариуцлага тооцож байв. Гэвч өмнөд хөршийнхөн хууль, журам зөрчин мах бэлтгэж, хуурамч бичиг баримт үйлдэн хил нэвтрүүлж байсныг цагдаагийн байгууллагынхан илрүүлэн шалгаж эхэлснийг эх сурвалжууд мэдээллээ.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь “Эмээлт” болон Налайхын түүхий эд бэлтгэн нийлүүлэх төвийн ойролцоо байрладаг, малын мах бэлтгэж, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийнхэн нутгийнхаа иргэдтэй хамтарч хууль бус үйлдэл гаргасан гэнэ. Хоёр улс хилээрээ зорчигч нэвтрүүлэхийг хязгаарлахаас өмнө тус улсаас жуулчны, бизнес ангиллын виз авч орж ирсэн иргэд дээрх газруудад байрлалтай хятад, өвөрмонголчуудтай бүлэглэн, мэргэжлийн хяналтын байгууллагаас олгодог зөвшөөрөл, бусад бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн юм байна. Улмаар түүнийгээ ашиглан Монгол Улсаас өмнөд хөрш рүү адуу, ямааны их хэмжээний мах гаргасан аж. Хууль сахиулах байгууллагын ажилтнуудын мэдээлснээр 2020 он гарснаас хойш л ийнхүү хуурамч бичиг баримт үйлдэн их хэмжээний махаа гаргасан гэнэ.