Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2019 Con-V гэж нэрлээд буй шинэ төрлийн коронавирусийн голомтыг Хятадын Ухань хот гэж үзээд байгаа юм. Эрх баригчид халдварын тархалтыг намжаахын тулд хотын иргэдийг тусгаарлаад хэдэн долоо хонож байна.
Өнөөдрийн байдлаар шинэ төрлийн коронавирусээр 23,680 хүн халдварласныг тогтоож, 479 хүн амиа алджээ.
Хатагтай Ванг бол өнгөрсөн сараас хойш гэр бүлийн хамт Ухань хотод үлдэж тусгаарлагдсан гэрийн эзэгтэй юм. Хотод нөхцөл байдал ямар байгааг мэдэх тийм ч амаргүй тул Вангаас ВВС агентлаг ярилцлага авснаа нийтэлжээ.
Түүний хэлснээр шинэ коронавирус тархсанаас хойш нагац нь нас барж, аав нь хүндээр өвчилж, авга болон ээжид нь халдварын зарим шинж тэмдэг илэрсэн байна. Аав нь 39,3 хэм хүртэл халуурч, амьсгалж чадахааргүй болж гэр бүлийнх нь бүх гишүүдийн уушги үрэвсэж эхэлжээ. Аавынхаа өвчнийг намдаахын тулд уламжлалт болон өрнөдийн эмчилгээний бүх аргыг хэрэглэж байгаа боловч эмнэлэгт хэвтүүлж чадаагүй байна. Учир нь шинэ төрлийн коронавирусийн халдвар мөн эсэхийг шинжилж, батлах тоног төхөөрөмж эмнэлгийн хангамж байгаагүй гэжээ. Энэ хооронд халдварын шинж илэрч буй ээж, авга нь өдөр бүр эмнэлэг явж аавыг нь хэвтүүлэх эмнэлэг хайсан ч тэднийг авах эмнэлэг олдоогүй байна.
Вангийн үргэлжлүүлэн ярьснаар өвчтөнүүдийг болон халдварын шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг тусгаарлах байр байгаа хэдий ч түүний аав шиг хүндээр өвдсөн иргэдийг хүлээж авах эмнэлэг байхгүй, хэвтэх ор хүрэлцээгүй байгаа гэжээ. Нагац нь аавтай нь хамт тусгаарлагдаж байгаад нас барсан бөгөөд хэн ч тэдэнд туслахгүй байгаа тул аавыгаа гэрээрээ эмчилж байна. Нийгмийн ажилтнуудтай удаа дараа холбогдсон ч эмнэлэгт ор байхгүй гэж хариулжээ. Эхэндээ тэднийг тусгаарлахад эмнэлэг явж байна гэж бодсон ч эмч, сувилагч, халаагч ч байхгүй дэн буудал руу аваачсан байна.
Шинээр баригдсан эмнэлгүүдэд хуучин эмнэлэгт хэвтэж байсан хүмүүсийг шилжүүлснээс Ванг шиг шинээр ирсэн иргэдийг хүлээж авахгүй байгаа бөгөөд тусгаарлагдаж байгаад амиа алдсан авга шигээ байдалд орохгүйн тулд гэртээ амьсгал хураасан нь дээр гэж бүсгүй ярьжээ. Мөн түүний гэр бүлтэй ижил хүндээр өвдөж, халдварын шинж тэмдэг илэрсэн ч тусгаарлагдаагүй олон хүн эргэн тойронд нь байгаагаас харахад халдварласан иргэдийн тоо одоо мэдэгдэж байгаагаас ч их тул хойшид юу болох бол гэдгээс эмээж байна гэжээ.
Ванг “хэрэв би энэ хотод ямар ч тусламж үйлчилгээ байхгүй гэдгийг мэдсэн бол гэр бүлээ аваад хотоос гарах ёстой байсан юм. Өөр газарт байсан бол магадгүй бид итгэл найдвараа алдахгүй байх” хэмээн өгүүлжээ.
Эх сурвалж: BBC