Коронавирусийн халдвар дэлхийн 198 улс, тусгай бүсэд 468,000 тохиолдол бүртгэгдэж, 21,192 хүн нас бараад байна. Европын Итали улсад коронавирусийн улмаас нас барагсдын тоо анхлан илэрсэн БНХАУ-аас хоёр дахин их буюу 7,500 байгаа бол Испани улсад халдварын тархалт хурдацтай нэмэгдэж, нас барагсдын тоо мөн Хятадыг давжээ.
Өнөөдөр өглөөний байдлаар Испани улсад 50,000 иргэн коронавирусийн халдвар авсан нь илэрч, 3,647 хүн нас барсан байна. Тус улсад 24 цагийн хугацаанд хамгийн олон буюу 738 иргэн нас барсан тохиолдол бүртгэгджээ. Нийслэл Мадрид хот халдварын голомтоор нэрлэгдэж байгаа бол Каталонид халдварын тохиолдол хурдацтай нэмэгдэж буй дүр зураг ажиглагджээ.
Испанийн шадар сайд Кармен Калво коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, ням гарагт эмнэлэгт хэвтсэн гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн байна. Улс орон даяар зарласан онц байдлын хугацааг дөрөвдүгээр сарын 11 хүртэл дахин хоёр долоо хоногийн хугацаанд сунгахаар Парламентын танхимд санал хураахаар болжээ.
НҮБ лхагва гарагт Ковид-19 нь хүн төрөлхтөнд бүхэлд нь аюул учруулж байгааг мэдэгдэж дэлхийн ядуу буурай орнуудын иргэдэд зориулж хоёр тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Энэ хооронд Итали улсад халдварын тохиолдол 74,000 гарч БНХАУ-д халдварласан иргэдийн тоонд ойртжээ. Харин АНУ-д өнгөрсөн 24 цагт халдварын тохиолдол 10,000-р нэмэгдэж 65,797 болсон байна.
Эх сурвалж: ВВС