Хот, хөдөөд 2016-2018 онд ядуурлын бууралтын явц харилцан адилгүй байна. Дээрх жилүүдэд Монгол Улсын эдийн засаг тогтвортой өссөн хэдий ч ядуурал буураагүй байгааг Үндэсний Статистикийн хороо, Дэлхийн банк хамтран Өрхийн нийгэм, эдийн засгийн “Ядуурлын дүр төрх-2018” үр дүнгийн тайланд тусгасан байна.
Ерөнхийд нь дүгнэхэд малчдад 2016-2018 он мал аж ахуйн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнэлэмж нэмэгдсэн таатай жилүүд байсан бол эсрэгээрээ хотод амьдардаг хамгийн ядуу бүлгийн хүн амын хувьд хүндхэн байжээ.
Нийт хүн амын 28,4 хувь нь ядуу амьдарч байгаа бол 15 хувь ядууралд өртөхөд ойрхон эмзэг байдалтай байна. Гурван ядуу хүн тутмын хоёр нь хот, суурин газарт амьдарч, хүнсний хэрэглээндээ илүү зардал гаргаж байна. Ихэнх ядуу хүмүүс ур чадвар бага шаарддаг энгийн ажил эрхэлж байгаа юм.