Их Британийн хатан хаан Элизабет II эх оронд нь тархаад байгаа коронавирусаас хамгаалахын тулд Балморал цайз руугаа хийх аяллаа нэг долоо хоногоор урагшлуулсан байна. Эдинбургын гүн нөхөр Филипптэйгээ цайзад байгаа тэрээр хатан хааны үүрэгт ажлаа ач ханхүү Уильямд хариуцуулан үлдээсэн аж. Гэхдээ хатан хаан ач нарынхаа төрсөн өдрийг мартсангүй. Тэрээр ач нарынхаа нэг энэ сарын 23-нд 30 нас хүрсэн Йоркийн гүнж Евгенийд төрсөн өдрийн баярын мэнд хүргэжээ.
Тэрээр “Хамгийн хайртай гүнж Евгенийдээ төрсөн өдрийн баяр хүргэе. Чи бол хатан хааны долоо дахь ач. Өнөөдөр 30 нас хүрлээ” гэж цахим орчинд бичжээ. Мөн инстаграммд өнгөрсөн жил Виндзорийн цайзын Сант Жорж сүмд болсон Ариун пүрэв гаригт зориулсан шашны ёслолын үеэр гүнжийг эмээтэйгээ уулзаж байгаа зургийг оруулсан байна. Харин энэ жил коронавирусын улмаас шашны энэ ёслолыг цуцалж болзошгүй байгаа аж. Хатан хааныг хүмүүсийн өмнө эмээ гэж дууддаг Йоркийн гүнж Евгений нөхөр Жек Брусбанктай гэрлэх талаар Элизабет II хатан хаанд анх дуулгаж байжээ.
Х.ОЮУНБОЛД