АНУ-ын Аризона мужийн нийслэл Феникс хотод коронавирусийн халдвар авсан гэр бүл өөрсдийгөө хлорохин фосфатаар эмчлэхийг оролджээ. Харамсалтай нь эмчилгээ үр дүнгүй болсноор гэр бүлийн эрэгтэй нас барсан бол эхнэрийнх нь биеийн байдал хүнд байгааг Бэннер эрүүл мэндийн төвөөс мэдээлжээ.
Ерөнхийлөгч Дональд Трамп хлорохиныг Ковид-19 цар тахлын эсрэг эмчилгээнд ашиглах боломжтой гэдгийг мэдэгдсэн юм. Америкаас гадна Хятадын эмч мэргэжилтнүүд хлорохины фосфатыг коронавирусийн эсрэг эмчилгээнд үр дүнтэй байгаа хэдий ч зарим өвчтөнүүдэд тохирохгүй, сөрөг нөлөө үзүүлж байсныг дурджээ.
Америкийн Хүнс, эм бэлдмэлийн газраас хлорохиныг хумхаа, чонын хөрвөдөс, хэрх өвчний үрэвслийн үед ашиглаж болохыг зөвшөөрсөн ч коронавирусийг бүрэн гүйцэд эмчилнэ гэж хүлээн зөвшөөрөөгүй юм. Түүнчлэн иргэдийг Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, өөрийгөө эмчлэхийн тулд хлорохиныг эмчийн заавар зөвлөгөөгүй дур мэдэн хэрэглэхгүй байхыг зөвлөжээ.
“Ямар ч тохиолдолд өөрийгөө эдгээж анагаана гэдэг иргэдийн дунд байж боломгүй явдал” гэж Бэннер хорт бодис, эм бэлдмэлийн мэдээллийн төвийн захирал доктор Даниель Брүкс мэдэгдсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр өөрсдийгөө эмчлэхийг оролдсон гэр бүлийн хос 60 орчим насны иргэд байжээ.
Нигерийн эрүүл мэндийн газрын мэдэгдсэнээр өнгөрсөн амралтын өдөр Америкийн Ерөнхийлөгч хлорохиныг Ковид-19-ын эсрэг хүчтэй зэвсэг байж болзошгүй гэсэн жиргээг цахим орчин нийтэлсний дараа гурван өвчтөн хлорохины тунг хэтрүүлэн хэрэглэжээ.
Эх сурвалж: CNN