Ковид-19 цар тахал хамгийн анх БНХАУ-д бүртгэгдэж, тархсантай холбогдуулан азиудыг үгүйсгэж, үзэн ядах, ялгаварлан гадуурхах үзэл дэлхийн улс орнууд, тэр дундаа барууны орнуудад түгээмэл дэлгэрсэн билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамд уг явдалтай холбогдуулан Ази гаралтай америкчуудыг халдварын тархалтад буруутгах ёсгүй хэмээн мэдэгджээ.
Түүний хэлснээр “АНУ-д төдийгүй дэлхий даяар оршин суудаг Ази гаралтай Америкийн иргэдийг хамгаалах нь маш чухал. Тэд бол гайхалтай хүмүүс. Халдварт вирус тархаж байгаа нь тэдний буруу биш” гэжээ. Коронавирусийн голомтоор Европ, Америк нэрлэгдэх болсноос азиудыг гадуурхаж, биед нь халдах, дайрах тохиолдол улам бүр нэмэгдээд байгаа юм.
АНУ-д коронавирусийн халдварын 43,718 тохиолдол бүртгэгдэж, 546 хүн нас барсан байна. Сан Францискогийн их сургуулийн хийсэн судалгаагаар коронавирустэй холбоотойгоор Ази гаралтай иргэдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэргийн холбогдолтой мэдээлэл 50 хувиар нэмэгджээ.
Ерөнхийлөгч Дональд Трамп удаа дараа хэвлэлийн хурлууд дээр коронавирусийн талаар мэдээлэхдээ “хятад вирус” гэх нэр томъёог ашигласан байна. Түүний энэ үйлдлийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үзэл хэмээн сэтгүүлч, сурвалжлагчид шүүмжилж байгаа юм. Энэ талаар асуухад тэрбээр “вирус Хятадаас ирсэн. Энэ бол арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан явдал биш” гэж хариулжээ.
Америкт халдварын тархалт хурдацтай нэмэгдэж сүүлийн 24 цагт 10,000 тохиолдол нэмж бүртгэгдсэн ч Трамп бизнесийн үйл ажиллагаа удахгүй эргэн хэвийн явагдана хэмээн мэдэгдсэн байна. Ерөнхийлөгчийн шийдвэрээр Үндэсний хамгаалалтын албаны цэргүүдийг дайчлан улс орон даяар эм бэлдмэлийн ханган нийлүүлэлт, хүнс тараахад туслуулж эхэлсэн. Үүсээд буй нөхцөл байдлыг Үндэсний хамгаалалтын албаны генерал Жозеф Лэнгиел улсын муж бүр 50 гаруй хар салхинд нэрвэгдсэн мэт байгааг хэлжээ.
Эх сурвалж: ВВС