Өнгөрөгч баасан гарагийн Улсын онцгой комиссын мэдээллийн цагаар Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Дарханы зам гүйцэтгэлийн 105 хятад иргэн даваа гарагт тусгай нислэгээр ирнэ. БНХАУ-даа шинжилгээнд орно. Ирэхэд нь давхар шинжлээд, Төв аймагт 14 хоног тусгаарласны дараа ажилд нь оруулна” хэмээн ярьсан нь одоо ч цахим ертөнцийн гол сэдэв болоод байна.
Үүнтэй холбогдуулж Ардчилсан нам мэдэгдэл гарган, эсэргүүцлээ илэрхийлсэн бол Б.Энх-Амгалангийн хариуцлагагүй мэдэгдлийн араас дэгдсэн иргэдийн бухимдал, эсэргүүцлийг намжаахын тулд бямба гарагийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Гадаадаас ажиллах хүч авах асуудлыг хойшлуулж байгаа”-гаа зарлалаа.
Б.Энх-Амгалангийн хувьд анх удаа УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа. Парламентад байгаа хашир туршлагатай улстөрчидтэй харьцуулахад ямар ч туршлагагүй хүн юм. Иймдээ ч Засгийн нууц гэж хэлж болох мэдээллийг амны зоргоор задруулсандаа Ерөнхий сайд болон кабинетийн сайд нараасаа багагүй зэмлэл хүртсэн бололтой.
Одоо тэрээр ёстой л хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага гэгч болоод байгаа гэнэ. Өөрийнх нь хариуцлагагүй мэдээллээс болж Дарханы зам дээр ажиллах байсан хятад иргэд хэзээ ирэх нь тодорхойгүй болж, тэр хэрээр тус замын бүтээн байгуулалтын ашиглалтад орох хугацаа хойшилж, ажлаа хийх ч хэцүү, явуулах ч аргагүй хүндхэн байдалд ороод байгаа сурагтай.