Бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэн болоод буй Холливудын найруулагч, продюссер байсан Харви Вайнштейн хорих газарт байх хугацаандаа коронавирусийн халдвар авсан болохыг илрүүлжээ. Нью-Йорк мужийн засан хүмүүжүүлэх төвийн дарга Майкл Паверсын мэдэгдсэнээр Вайнштейныг тусгаарласан байгаа ажээ.
Тэрээр өнгөрсөн сард бэлгийн дарамт, хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хэргээр 23 жилийн хорих ял сонссон билээ. Гэвч өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгаа тул өмгөөлөгчид нь давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдсэн юм.
Вайнштейныг Нью-Йорк дахь Бафалогийн ойролцоо Венде засан хүмүүжүүлэх газарт саатуулж байжээ. Ням гарагт тус хорих газарт байгаа хоёр хоригдол, нэг офицероос вирусийн халдвар илэрсэн байна. Ноён Паверсын хэлснээр хорих газрын ажилтнуудыг тусгаарласан ба вирусийн халдвараас хамгаалах хувцас, хэрэглэл дутмаг байгаад сэтгэл зовниж байна гэжээ.
Венде засан хүмүүжүүлэх газарт ирэхээсээ өмнө Вайнштейн Нью-Йорк хот дахь Рикерс арал хорих газар болон цээжээр нь хөндүүрлэж, зүрх нь өвдсөнөөс эмнэлэгт очжээ. Харви Вайнштейн Холливудын нэр хүндтэй эрхмүүдийн нэг байсан ч 2017 оноос хойш түүний эсрэг хэдэн арван эмэгтэй гомдол мэдүүлж шүүхээс 2006 онд Мириам Хэлигийн эсрэг нэгдүгээр зэргийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн, 2013 онд жүжигчин Жессика Мэннийн эсрэг гуравдугаар зэргийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж 23 жилийн хорих ял оноосон юм.
Эх сурвалж: ВВС