Ардчилсан нам Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, мөрийн хөтөлбөрөө боловсруулан баталснаа өнөөдөр /2020-03-23/ зарлалаа.
Мөн тус нам айл өрх, иргэдийн орлогыг хамгаалах тухай шаардлагыг Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлж байгаа ажээ.
Шаардлагад:
-2020 оны төсвийг тодотгож, хамгийн багадаа нэг их наяд төгрөгийн "Эрсдэлийн сан" байгуулах,
-Иргэдэд төрөөс олгох тэтгэвэр, тэтгэмжийг хадгалах,
-Компани, хувийн хэвшилд ажиллаж буй иргэдийн орлого, цалингийн хэмжээг бууруулахгүй байх арга хэмжээг авах,
-Өргөн хэрэглээний импортын барааны татварыг чөлөөлөх,
-Үндэсний үйлдвэрлэгчдээ бага хүүтэй зээлээр дэмжих,
-Томоохон компаниудын бага хүүтэй өрийн бичгийг Монголбанк худалдаж авах боломжийг нээх,
-Экспортыг дэмжих зэргийг тусгажээ.
Иймд 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь тодорхойлж, шаардлагагүй хөрөнгө оруулалтын зардлаа танахыг шаардаж байгаа ажээ.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Ардчилсан нам өнгөрсөн гурван жилийн хугацаанд үзэл баримтлал, үнэт зүйлээ тодорхой болгосон. Баруун төвийн нам гэдгээ тодотгож, түүндээ чиглэсэн мөрийн хөтөлбөр баталсан юм. Энэ дагуу таван эрх чөлөө бүхий таван зорилттой мөрийн хөтөлбөрийг боловсруулснаа ийнхүү танилцуулж байна" гэлээ.