Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10 цагаас товлогдоод байсан “Салхитын мөнгөний орд”-ын гэх хэрэгт нэр холбогдсон таван шүүгчийг шүүх хурал дахиад л хойшилжээ.
Шүүх хуралдаанд оролцох байсан шүүгдэгчийн өмгөөлөгч “Өөр шүүх хуралд оролцож хурал давхардсан” гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хангаж, дөрөвдүгээр сарын 13-ны өдөр хүртэл хойшлуулсан байна.
Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг нар “Салхитын мөнгөний орд”-ын лицензийн маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдоос их хэмжээний хахууль авсан гэх хэрэгт буруутгагдан ийнхүү шүүгдэж байгаа юм.
Өмнөх шүүх хурлын үеэр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан Б.Сайханцэцэг “Биднийг хилсдүүлэхээр чичрэн дайрч байгааг эсэргүүцэж байна. Үндсэн хуулиар хамгаалсан хүний эрх, эрх чөлөөний асуудал яригдаж байхад прокурорууд хууль хэрэглээний илт алдаатай яллах дүгнэлт үйлдэн оруулж ирсэн” хэмээн шүүмжилсэн нь олны шүүмжлэлийг дагуулсан билээ.