Хорват улсын нийслэл Загреб хотод коронавирусийн улмаас хорио цээрийн дэглэм тогтоосон байсан юм. Хотод өнгөрсөн ням гарагт хүчтэй газар хөдөлж, байшин барилга нурж, машин тэрэг эвдэрсэн байна. Газар хөдлөлтийн үеэр барилгын дээвэр нурснаас өсвөр насны хүүхдийн биеийн байдал хүнд байгаа ажээ.
Нийслэл хотод хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэнээс хорио цээрийн дэглэмд байсан оршин суугчид гадаа гудамжинд гарч цугласан байна. Хотын дарга гадаа гудамжинд цугласан иргэдийг коронавирусээс сэргийлж буцаж гэртээ орохыг зөвлөжээ. Тус улсад коронавирусийн халдварын 254 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас баржээ.
Ням гарагт болсон газар хөдлөлтийн хүчийг 5,3 магнитуд байсан гэж тооцоолсон нь 140 жилийн хугацаанд нийслэлд бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт юм. Нэг хүүхдийн биеийн байдал муу байгаагаас гадна 16 хүн бэртэж гэмтжээ.
Газар хөдлөлтийн улмаас гадаа гарч ирсэн иргэдийг нэгнээсээ зайгаа барьж хол зогсохыг уриалж, эрх баригчид хоёр ч том байгалийн хүчин зүйлтэй нүүр тулгарч байгааг мэдэгдсэн байна. Нурж эвдэрсэн байшин барилгуудын дунд Засгийн газрын ордон багтжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл Австри, Словени улсуудад хилийн ойролцоо мэдрэгдсэн байна.
Эх сурвалж: ВВС