Австрали улсад коронавирусийн халдварын тохиолдол 1,353-т хүрч, долоон иргэн амь насаа алдаад байна. Тус улсын Засгийн газар халдварын тархалт өнгөрсөн амралтын өдрүүдэд 300 орчмоор нэмэгдсэн тул даваа гарагаас эхлэн улс даяар хорио цээрийн дэглэмд шилжиж, үйлчилгээний газруудыг хаахаар шийдвэрлэжээ.
Паб, клуб, бялдаржуулах төв, кино театрууд болон шашин мөргөлийн газруудыг өнөөдөр үд дундаас хойш үйл ажиллагааг нь зогсоох юм байна. Түүнчлэн кафе, зоогийн газрууд хаалгаа барьж, зөвхөн хүргэлтээр ажиллахыг зөвшөөрчээ. Супермаркет, шатахуун түгээх станц, эмийн сангууд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ.
Өнгөрсөн зуны улиралд ойн түймэрт хамгийн их өртсөн Шинэ Өмнөд Уэльс мужид коронавирусийн хамгийн олон буюу 533 тохиолдол бүртгэгдсэн байна. Викториа мужид 296, Күйнслэндэд 259 тохиолдол илэрчээ.
Ерөнхий сайд Скотт Моррисон Засгийн газрын танхимын хуралдаан дээр сургуулиудын үйл ажиллагааг зогсоох шаардлагагүй гэж мэдэгдсэн ч эцэг эхчүүд халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдүүдээ гэрт нь байлгасан нь дээр гэж үзэж байна. Түүнчлэн Өмнөд Австрали, Баруун Австрали, Хойд бүс нутагт мягмар гарагаас эхлэн хилээ хаах шийдвэр гаргаж, мужид ирсэн хүмүүс 14 хоног өөрийгөө тусгаарлах даалгавар өгөх юм.
Засгийн газрын шийдвэрээр эдийн засгийг сэргээх хоёр дахь удаагийн 66 тэрбум авс.долларын санг бүрдүүлэхээр болсон байна. Ийнхүү Засгийн газар болон Нөөцийн банк нийт 189 тэрбум авс.долларын санхүүгийн тусламжийн санг эдийн засгийг дэмжихэд бүрдүүлж байгаа юм.
Харин Азийн орнуудад нөхцөл байдал ямар байгаа талаар нэмж мэдээлэхэд Сингапур улс богино хугацааны аяллын зочдыг хүлээж авахгүй байхаар шийдсэн байна. Үүнд Сингапур улсаар дамжин өнгөрөх нислэгүүдийг ч хоригложээ. Тус улсад коронавирусийн 455 тохиолдол илэрч, өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн байна.
БНХАУ-д гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 46 тохиолдол илэрсэн бол Өмнөд Солонгост 98 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан иргэдийн тоо 8,897 болж нэмэгджээ.
Эх сурвалж: ВВС