Хуульч Ё.Бямбатотох Монгол Улсын Их хурлаас 2019 оны 12-р сарын 20-ны өдөр батлаж 2019 оны 12-р сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн Хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэж, Үндсэн хуулийн цэцэд ханджээ.
Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчиж байгаа гэх асуудлаар одоогийн байдлаар найман иргэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан байна. Харин Үндсэн хуулийн цэц дээрх гомдлуудыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна.
Тухайлбал:
1. Сонгуулийн тухай хуулийн 5.2-д “25-д насанд хүрсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн Улсын Их хурлын гишүүнээр сонгогдох эрхтэй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 21.3-т заасан “Улсын Их хурлын гишүүнээр Монгол Улсын 25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн нийтлэг шаардлагыг мөрдөхийн оронд сонгуулийн тухай хуулиар хязгаарлалт тогтоосон зөрчилтэй байна.
2. Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 29.8-д “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 16-р зүйлийн 9-д заасан “Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, Мөн Монгол Улсын Үндсэн Хуулийн 64-р зүйлийн 1-т “Монгол Улсын Үндсэн Хуулийн цэц бол Үндсэн Хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэсэн заалтуудтай тус тус зөрчилдөж байна.
Энэ асуудлаар Үндсэн Хуулийн цэц 2008 оны 5-р сарын 14-ний өдрийн 06 тоот дүгнэлт (“Улсын Их Хурлын Сонгуулийн хуулиар Үндсэн хуульд заагаагүй шаардлага тавьснаар Үндсэн хуулийн агуулгаас хальж иргэнийхээ “сонгогдох эрх”-ийг хасч, тэдний эрх зүйн байдлыг дордуулсан байна” гэсэн байдаг.) ийнхүү сонгуулийн хуулиар дамжуулан иргэний Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэнд халдаж болохгүй гэсэн дүгнэлт хүчин төгөлдөр үйлчилж байгааг мэдсээр байж Монгол Улсын Их хурлын сонгуулийн хуульд дээрх заалтыг оруулж баталсан нь тодорхой нэг хүний эсрэг чиглэсэн хандлагатай үйл ажиллагаа болж байна гэж их хурлын чуулганы хуралдаан дээр их хурлын зарим гишүүд ярьж байсныг үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ бол Үндсэн Хуулийн 1.2-т заасан ....., шударга ёс, тэгш байдлын зарчим 16-р зүйлийн 10-т: “аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад нэгдсэний төлөө болон гишүүний хувьд ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно.” 14.1-т: “Монгол Улсад оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй”, 14.2-т: “Хүнийг ажил, албан тушаал, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтуудтай тус тус зөрчилдөж байна.
Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй гэдэг үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 22-р зүйлд: “Төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах шаардлага”-д хамааралтай юм. (Төрийн албаны тухай хуулийн 22.1.3) Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 11.1.4-т Улсын Их хурлын дэд дарга, гишүүнийг улс төрийн албан тушаалын ангилал, зэрэглэлд хамруулсан байна. Хууль тогтоомжийн хүрээнд ингэж зохицуулсан байхад улс төрийн албан хаагчийн сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулж тавьсан шаардлагад төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон заалтыг хамруулсан нь үндэслэлгүй байна.
3. Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 47.3-д “энэ хуулийн 47.1.1, 47.1.3-т заасан цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахдаа сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотой нийтэлнэ” гэсэн нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 16-р зүйлийн 16-д заасан “итгэл, үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” гэснийг зөрчсөн байна.
4. Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 72.1-д “Тойрогт ногдсон мандатын тооноос (илүү) эсхүл дутуу нэр дэвшигчийн санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэсэн нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 16-р зүйлийн 9-д заасан “................,: сонгох, сонгогдох эрхтэй” буюу өөрөөр хэлбэл сонгогч тухайн тойрогт нэр дэвшиж буй нэр дэвшигчдийн мандатын тооноос илүү дугуйлаагүй л бол хэдэн ч нэр дэвшигчийг дугуйлах нь сонгогчийн эрхийн асуудал юм. Гэтэл хүссэн ч эс хүссэн ч тухайн тойргийн мандатын тоотой тэнцүү хэмжээгээр санал өгүүлэх гэж зүтгэж байгаа нь иргэдийн сонгох эрхэнд халдаж буй хэлбэр гэж үзэхээс өөр аргагүй байна.
5. Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулиар гадаадад сурч, ажиллаж байгаа Монгол Улсын иргэдээс санал авахгүй байхаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 16-р зүйлийн 9-д заасан “Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, 14.1-т заасан “............,: хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй”, 14.2-т заасан “Хүнийг ажил, албан тушаал, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
6. Өмнөх сонгуулийн хуулиудад нам, эвслийн бүлгүүдэд давуу байдал олгож (хууль тогтоогчид өөрсөддөө давуу байдал олгож) бие даагчдад ялгавартай ханддаг нь энэ удаагийн хуулинд ч давтагдсан байна. Энэ зохицуулалт нь Улсын их хуралд шударга иргэд бие даан нэр дэвшиж өрсөлдөх боломжийг хязгаарлаж байгаа нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 3-р зүйлийн 2-т заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзжээ.