Өчигдөр/2020.02.04/-өөс зээлтэй ахмадууд тэтгэврээ бүтэн авч эхэлсэн. Нийгмийн даатгалын сангаас 420 мянга орчим иргэн тэтгэвэр авч байгаагаас 228 мянга нь 756,7 тэрбумын зээлтэй байсан юм. Тэдний 207,5 мянга нь 6 саяас доош төгрөгийн зээлтэй бол үлдсэн 21 мянга нь 6 саяас дээш төгрөгийн зээлтэй байсан. Харин Засгийн газраас зээлтэй ахмадуудын 6 хүртэлх сая төгрөгийн зээлийг тэглэх шийдвэр гаргаж уг шийдвэр өчигдрөөс ийнхүү албан ёсоор хэрэгжиж эхэлсэн юм.
Харин банкууд нэг, хоёрдугаар сарын тэтгэврийн зээл тэглэх эх үүсвэрийг өөрсдийн хөрөнгөнөөсөө гаргажээ. Уг нь"Эрдэнэс монгол" компани бонд гаргаж, банкууд гаргасан бондыг нь худалдаж авч зээлээ чөлөөлөх ёстой. Гэвч одоогийн байдлаар "Эрдэнэс монгол" компани бондоо гаргаагүй учир банкууд өөрсдийн эх үүсвэрээр ийн шийджээ. Нэг үгээр банкинд мөнгөө хадгалуулсан иргэдийн хадгаламжаар асуудлыг шийдсэн хэрэг.
Харин цаашид гуравдугаар сараас эхлэн банкууд дахин өөрийн эх үүсвэрээс зээл чөлөөлж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Мөн тэр болтол "Эрдэнэс монгол" компани бондоо гаргаж чадах уу гэдэг ч эргэлзээтэй юм.
Өөрөөр хэлбэл, эрх баригчдын сонгууль угтсан шоу эдийн засагт хүндрэл үүсгэх вий гэсэн хардлага төрүүлж байна.