Энэтхэгийн нийслэл шинэ Дели хотод одоогоос найман жилийн өмнө 23 настай анагаахын их сургуулийн оюутныг оройн цагаар автобусанд хүчирхийлж, хороосон дөрвөн этгээдийн цаазын ялыг гүйцэтгэжээ. 2013 онд Делигийн шүүхээс хүчирхийлэл, хүн амины гэмт хэрэг үйлдсэн Акшай Такур, Винай Шарма, Паван Гупта болон Мукеш Сингх нарт дүүжилж цаазаар авах ял оноосон юм.
Гэмт хэрэгтнүүдийг нийслэл дэх онц хүнд дэглэмтэй Тихар хорих газарт өнөөдөр өглөө цаазалжээ. Энэтхэг улс 2015 оноос хойш анх удаа цаазын ял гүйцэтгэсэн нь энэ юм.
Анагаахын их сургуулийн оюутан Нирбаяа бол Энэтхэг улсад хүчирхийлэлд өртөж, хохирогч болсон олон зуун мянган охидын нэг бөгөөд түүний хэрэг Энэтхэг улс даяар эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөнийг эхлүүлж, хүчирхийллийн эсрэг шинэ хууль батлахад хүргэсэн юм.
Нирбаяа нь хохирогчийн жинхэнэ нэр биш ба хуулийн дагуу нууцлах ёстой байдаг аж. Уг хэргийг зургаан этгээд үйлдсэний нэг Рам Сингх 2013 онд хоригдож байсан газартаа амиа егүүтгэсэн байдалтай олдсон байна. Хэрэгт холбогдсон зургаа дахь этгээд 17 настай хуулийн дагуу хариуцлага хүлээх насанд хүрээгүй байсан тулд гурван жил засан хүмүүжүүлэх төвд хоригдож 2015 онд суллагджээ.
Хохирогчийн ар гэрийнхэн шударга шүүхийн шийдвэрт талархаж буйгаа илэрхийлсэн бол хорих газрын гадаа хэсэг бүлэг иргэн цуглаж цаазын ялыг амжилттай гүйцэтгэснийг тэмдэглэж “хүчирхийлэгчдийг устга” хэмээн хашгарсан байна.
Болсон явдлыг эргэн сөхвөл 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 20 цаг 30 минутад хохирогч эмэгтэй эрэгтэй найзын хамт кино үзчихээд гэртээ харихаар автобусанд суужээ. Гэмт этгээдүүд тэднийг суухаас өмнө хэдий нь автобусанд явж байсан бөгөөд тэдэн рүү дайрч хүчирхийлэн зодож замын хажуу руу хаясан байсныг замаар өнгөрч байсан иргэд олж цагдаад дуудлага өгсөн байна. Хоёр долоо хоногийн дараа хохирогч бүсгүй Сингапурын эмнэлэгт биедээ авсан шархаа дийлэлгүй харамсалтайгаар амьсгал хураасан билээ.
Эх сурвалж: ВВС