Эрүүл мэндийн яам өдөр бүр хүргэдэг ээлжит мэдээллээ хүргэлээ.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:
24 цагийн хугацаанд 173 улсад өвчлөл бүртгэгдсэн байна. 5 улсад нэмж шинээр бүртгэгджээ. Мөн БНСУ, Иран, Итали, Испани, Франц, АНУ, ХБНГУ зэрэг улсуудад өвчлөл эрчимтэй тархаж байна. Халдвар бүртгэгдэж байсан эхний 3 сард 100 мянган хүн халдвар авч байсан бол сүүлийн 12 хоногт 100 мянган хүн халдварлаж байна.
Мөн Европ тивээс Африк тив рүү өвчлөл зөөвөрлөгдөн орж ирэх хандлага ажиглагдаж байна. Үүнээс үүдээд Азид коронавирусийн халдварын хоёр дахь давлагаа үүсэх нь гэсэн таамаглал дэвшүүлж байна. Учир нь халдвар тогтворжиж эхлээд байсан БНХАУ-д өчигдөр 139 шинэ тохиолдол, Сингапурт 34 шинэ тохиолдол Европын орнуудаас зөөвөрлөгдөн орж ирж бүртгэгджээ.
Итали улсад 24 цагийн дотор 427 хүн нас барж 3405-д хүрсэн нь БНХАУ-аас давсан үзүүлэлт болж байна. Шинээр бүртгэгдсэн халдварын тоо 41 035 мянгад хүрсэн нь өмнөх өдрөөс 14,9 хувь нэмэгдсэн үзүүлэлт юм.
Мөн Итали улсын Ломбарди мужид хотод цогцос хадгалах болон чандарлах үйлчилгээ үзүүлдэг газар ачааллаа дийлэхээ больж, бусад хотуудаас тусламж хүсч эхэлжээ.
Өчигдөр/2020.03.19/-өөс Африк тивийн улс орнууд хилээ хааж эхэлжээ. Тус тивийн таван улсад 10 хоногийн өмнө халдвар бүртгэгдэж байсан бол өнөөдөр 54 улсын 34-д халдвар тархаад байна. Тус тивд нийт 654 халдвар бүртгэгдэж, нөхцөл байдал хүндэрч эхэлжээ. Яаралтай арга хэмжээ авахгүй бол энэ тивийн 1,3 тэрбум хүнд цар тахал газар авах эрсдэл өндөр байгааг анхааруулж байна.
Аргентин болон Израиль улсад хатуу хөл хорио тогтоосон бөгөөд хүмүүс зөвхөн хүнс, эм тариа авахын тулд гарч болохыг анхааруулжээ.
АНУ-д шинэ халдварын тоо 5000 гаруйгаар нэмэгджээ. Калифорни мужид хүмүүсийг гэрээсээ гарахыг хатуу хоригложээ.
НҮБ-ын мэдээллээр дэлхийн 107 улсад бүх сургуулиудыг хаажээ.
Европын бүсэд 10221, Номхон далайн баруун бүсэд 488 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Дэлхийн хэмжээнд нийт халдварын тоо 209839-д хүрчээ.
Өвчлөл бүх тивийг хамарсан учир цаашид зөөвөрлөгдөн орж ирэх магадлал маш өндөр байгаа бөгөөд хамгаалалтыг сайжруулах хэрэгтэйг ДЭМБ-аас зөвлөж байна.
Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд 2942 тохиолдлыг ажиглалтад авч, тандалт судалдгааг хийжээ. Өнөөдрийн байдлаар 1804 иргэнийг тусгаарлан ажиглаж байна.
Япон-Улаанбаатарын нислэгээр ирсэн 256, Сөүл-УБ 244, Берлин-Москва- Уб 231, Истанбул-УБ чиглэлээр ирсэн 256 буюу нийт 986 иргэн ажиглалтад буй. Мөн нисэх багийн бүрэлдэхүүн тусгаарлалтад байна.
Тусгаарлах байрыг өргөжүүлэн ажиллаж байгааг онцоллоо. Сэлэнгэ, Дархан-уул, Баян-Өлгий аймгуудад тусгаарлах байруудыг нэмж тохижуулж байна. Улсын онцгой комисс 14:00 цагаас хуралдана. Энэ хурлаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэнэ.
03-р сарын 17-нд Москва-Берлин-УБ -ын онгоцооор ирсэн хүмүүсийн 75-аас нь коронавирусийн халдар илрээгүй. Үлдсэн 156 хүнийг шинжилж байна. Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 256 хүний 24-өөс мөн илрээгүй. Үргэлжлэн тандалт хийж байна.
Сэлэнгэд тусгаарлагдсан гурван иргэний шинжилгээний хариу мөн сөрөг гарсан. Өчигдөр/2020.03.19/ Хэнтийд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээний сорьцыг Улаанбаатар хот руу авчирч байгаа. Түүнтэй хамт автобусанд явсан 24 иргэнийг мөн тусгаарлан ажиглаж байгаа юм.