Итали улсын Засгийн газар нэг хоногийн дотор хамгийн олон буюу 475 иргэнээ коронавирусээр алдсан гэдгээ өчигдөр мэдэгдэж байсан бол өнөөдөр 427 иргэнээ алдсан тухай мэдээллээ. Нийт нас барагсдын тоо 3,405-д хүрснээр халдварын голомт болсон БНХАУ-аас давж байна. Хятадад өнгөрсөн жилийн сүүлчээр коронавирус халдварлаж эхэлснээс хойш 3,248 иргэн нас барсан хэмээн бүртгэжээ. Гэвч Хятадын Засгийн газрын өгсөн уг тоог эргэлзээтэй гэж шинжээчид үздэг.
Халдварын тохиолдол Итали улсад 41,000 гаруй бүртгэгдээд байгаа нь Хятадад бүртгэгдсэн тохиолдлоос хоёр дахин бага байгаа юм. Италийн Засгийн газар энэ сарын 12-25-ны хооронд үргэлжлэх хорио цээрийн хугацааг үргэлжлүүлэн сунгах шийдвэр гаргасан байна. Иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг сэрэмжлүүлж, эрх баригчид тархалтыг зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч коронавирусийн халдварын тохиолдол, нас барагсдын тоо нэмэгдсээр байна.
Дэлхийн 179 улс, тусгай бүсэд Ковид-19 цар тахлын 245,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 10,048 хүн нас баржээ.
Лхагва гарагт Хятадад анх удаа халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй боловч өнөөдрийн мэдээллээр 34 шинэ тохиолдол бүртгэгджээ. Шинэ коронавирусийн халдвар дэлхийн бөмбөрцөгийн баруун хэсгийг нөмрөөд байгаа хэдий ч дорнын Азид хоёр дахиа давалгаалж болзошгүй гэдгийг эх сурвалжууд онцолсон юм.
Хятад, Итали улсуудаас гадна Иран, Испани улсуудад халдварын 18,000 гаруй тохиолдол илрээд байна. Герман, Америкт 15,000 орчим тохиолдол, Франц улсад 10,500 тохиолдол бүртгэгджээ. Францын Засгийн газар хорио цээрийн дэглэмийг дагаж мөрдөөгүй 4,095 иргэнийг тус бүр 135 еврогоор торгосон байна. Түүнчлэн Иран улс наурызын баярыг тэмдэглэлгүй ард иргэд гэр гэртээ байхыг уриалсан бол Австрали, Шинэ Зеланд улсууд гадны иргэдийг хүлээж авахаас татгалзаж, Ерөнхийлөгч Дональд Трамп вирусийн үнэгүй оношлуур, өвчтөнүүдийн зардалд зориулж 100 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр гарын үсэг зуржээ.
Эх сурвалж: ВВС