Австрали, Шинэ Зеланд улсууд гадны иргэдийг баасан гарагаас эхлэн хил нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгджээ. Энэ нь коронавирусийн тархалтыг зогсоох зорилготой юм байна.
Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон орон нутгийн цагаар баасан гарагийн үдэш 21 цагаас шийдвэр хэрэгжиж эхлэхийг анхаарууллаа. Харин Шинэ Зеланд хилийн хоригийг пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө дундаас эхлүүлэх юм байна. Хориг байнгын болон түр оршин суугчид, иргэншилтэй иргэд, тэдгээрийн гэр бүлүүдэд үйлчлэхгүй гэжээ.
Кантас нислэгийн компани олон улсын нислэгүүдээ зогсоосон байсан ч гэртээ харих хүсэлтэй австраличуудыг авчрахад тусгай үүрэг гүйцэтгэн туслахаа мэдэгдсэн байна. Австрали улсад коронавирусийн 600 гаруй тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барсан нь энэ долоо хоногт халдварын тархалт эрс нэмэгдсэн үзүүлэлт юм. Шинэ Зеландад халдварын 28 тохиолдол илэрчээ.
Хоёр улс хилийн чанадаас ирж буй иргэн бүрийг 14 хоног тусгаарлаж, олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцаллаа.
Эх сурвалж: ВВС