СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-19

Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын хоолны ширээнд хамгаалалтын хаалт хийжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Шинэ коронавирусын халдвар,  цар тахлын хэмжээнд хүрснийг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж буй энэ цаг үед Эрдэнэт үйлдвэр Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэр, чиглэлийг баримтлан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын удирдлага,  ХАБЭА хариуцсан инженер болон тус цехийн ажилчдад халуун хоолоор үйлчилдэг “Таятан фүүд”компанийн ажилтнууд санаачлан энэхүү ажилчдын хоолны ширээний хамгаалалтын хаалтыг хийж байрлуулжээ.

Ажиллагсад нэг ширээнд 4 болон түүнээс дээш тоогоор сууж хоол иддэг учир ханиах, найтаах, ярилцахад шүлсээр дамжин эрсдэл үүсэж болзошгүйг тооцож, ийм хаалтаар тусгаарласан гэж “Таятан фүүд”компанийн менежер ярилаа.

Тус үйлдвэрт нэг өдөрт 800-900 хүн өглөө, өдөр, оройн ээлжээр гурван удаа хооллодог бөгөөд нэмэлтээр 40-50 хүн зөөврийн хоолоор үйлчлүүлдэг аж. 

Хоолны цэсэд адууны махтай хоол нэмжээ

Мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу ажилчдын дархлааг дэмжих зорилгоор үндэсний хоол хүнсийг хоолны цэсдээ түлхүү оруулах болсноо “Таятан фүүд”-ийн технологич инженер А.Ундрал ярилаа.

Тэрээр “Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс ажиллагсдын дархлааг дэмжих чанартай хоолоор үйлчилж байна. Тухайлбал, адууны махтай хуурга, аарцтай шөл болон таван цулын шөл зэрэг монгол үндэсний хоолыг түлхүү өгч байна. Мөн эх орны газрын хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо, саримсын орцыг нэмэгдүүлж, өдөр тутмын хоолны цэсэд оруулсан” гэсэн юм.

Ц.Оюунгэрэл: Хоолны цэгүүдийн ширээний зохион байгуулалтыг нэг эгнээ болгох, хаалт байрлуулах зэргээр өөрчилж байна

Коронавирусын халдвараас хамгаалах гол аргууд нь халдваргүйтгэлийн шаардлага хангасан орчинд шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, дархлаагаа дэмжихэд анхаарах гэдгийг мэргэжлийн байгууллагууд, эмч нар байнга зөвлөж байгаа.

Энэ чиглэлээр үйлдвэрийн ХАБЭА-н хэлтэс ямар арга хэмжээ авч ажиллаж буйг тус хэлтсийн Хоолны эрүүл ахуйч эмч Ц.Оюунгэрэлээс тодруулахад “Бусад жижиг цехийн хоолны газруудын ширээний зохион байгуулалтыг нэг эгнээ болгож өөрчилсөн байгаа. Ингэснээр шил шилээ харж суусан тохиолдолд хоорондоо яриа үүсгэх боломж бага байдаг. Мөн гэрээт байгууллагуудтай хамтран ариутгал халдваргүйтгэлийг хоолны газрууд болон хор саармагжуулах бүтээгдэхүүн олгох цэгүүдэд тогтмол хийж байна.

Ойрын өдрүүдэд манай санал хүлээн авах 71300 тоот утсанд хоолны цэгт олон хүн цугларч байгаа нь эрсдэл үүсгэж болзошгүй гэсэн саналыг зарим ажилчдын зүгээс ирүүлсэн. Хэдийгээр коронавирусын халдвараас шалтгаалан хил гааль хаагдаж, хоолны материал, нарийн ногооны  нөөц багасан  хоолны нэр төрөл багасаж буй ч чанартай, халуун хоолоор тогтмол үйлчлэх нь хүний эрүүл мэнд, дархлааг дэмжихэд юу юунаас илүү ач холбогдолтой гэдгийг манай ажилчид ойлгоно байх” гэж ярилаа

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.