СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Т-АТМ”-боловсон мөнгө хүүлэлт үү

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Иргэний үнэмлэх, хурууны хээгээ уншуулаад барьцаагүй зээл олгодог үйлчилгээ иргэдийн дунд хүчээ авчээ. Зээлээс зээлийн хооронд өдөр хоногийг өнгөрүүлж буй ядарсан иргэдэд элдэв, бичиг баримт, барьцаа нэхэхгүйгээр мөнгө авах нь сайхан ч хөрснөөс хэт алсарсан хүү нь санхүүгийн дарамтанд оруулахаар байгааг сурвалжиллаа.

Долоон буудлын эцэс олны хөлд дарагдан, худалдааны төвүүд хөл гишгэх зайгүй дүүрэн хүнтэй, Монголчуудын эгэл бор амьдралын нэгэн шаргал хуудас элээгдэж байна. Цөөнгүй хоногийг хөл хорионд өнгөрүүлсэн иргэд анх удаа сумын төв орж ирсэн хүмүүс шиг хэрэгтэй, хэрэггүй бүхий л зүйлийг сониучирхан үнэ ханшийг нь асууж, эд материалыг нь имэрч, илбэж сонжино. Хэд хоног орлого нь түгжигдсэн худалдагч нар асуулт бүхэнд уриалгахан хариулж, сарвайсан бүхнийг гарт дөхүүлж, хөл алдан хэзээ хэзээнээс эелдэгхэн байх нь инээд ч хүргэх шиг, хайр ч хүргэх шиг... 

“Аму” плазагийн нэг давхарт бусад худалдааны төвүүдийн жишгээр бэлэн мөнгөний машинуудыг эгнүүлэн тавьжээ. Гэвч нэг л АТМ-ын урд хүмүүс дугаарлан зогсох нь анхаарал татна. Энэ бол барьцаагүй зээл олгодог “Төгрөг - АТМ” буюу “Т-АТМ”. Бэлэн мөнгөний машины хажууханд тус худалдааны төвийн хамгаалагч Д.Хишигт суудаг аж. “Энэ АТМ хэзээ ч үйлчлүүлэгчээр тасардаггүй, заримдаа бүр энэ хэсгийн коридорыг тойроод зогчихдог. Хааяа мөнгө нь дуусчихсан үед хэзээ мөнгөтэй болохыг нь сурагласан хүмүүс залхтал шалгаана. Аргагүй л дээ хүмүүст бэлэн мөнгөний хэрэгцээ их байна шүү дээ” хэмээн хуучилсан юм.

Үнэхээр ч түүний хэлснээр АТМ-ээр үйлчлүүлэхээр цугласан олны хөл тасарсангүй. Үйлчлүүлэгчдийн хувьд нялх хүүхдээ тэвэрсэн ээж, ач, зээгээ дагуулсан настан, чихэвчний хөгжмөө тултал чангалсан залуучууд, нүдээ тормолзтол будаж, нүүрээ гоодсон охид, тасралтгүй утсаар ярьж ар гэр, ажил амьдралаа зохицуулах ахимаг насныхан, гартай барьсан тортойг нь ажваас ойр зуурын хүнсээ цуглуулж яваа бололтой хосууд гээд нас, насны хүмүүс урт дараалал үүсгэжээ.

“Аму” плазагийн нэг давхарт бусад худалдааны төвүүдийн жишгээр бэлэн мөнгөний машинуудыг эгнүүлэн тавьжээ. Гэвч нэг л АТМ-ын урд хүмүүс дугаарлан зогсох нь анхаарал татна. Энэ бол барьцаагүй зээл олгодог “Төгрөг - АТМ” буюу “Т-АТМ”. Бэлэн мөнгөний машины хажууханд тус худалдааны төвийн хамгаалагч Д.Хишигт суудаг аж. “Энэ АТМ хэзээ ч үйлчлүүлэгчээр тасардаггүй, заримдаа бүр энэ хэсгийн коридорыг тойроод зогчихдог.

Хааяа мөнгө нь дуусчихсан үед хэзээ мөнгөтэй болохыг нь сурагласан хүмүүс залхтал шалгаана. Аргагүй л дээ хүмүүст бэлэн мөнгөний хэрэгцээ их байна шүү дээ” хэмээн хуучилсан юм. Үнэхээр ч түүний хэлснээр АТМ-ээр үйлчлүүлэхээр цугласан олны хөл тасарсангүй. Үйлчлүүлэгчдийн хувьд нялх хүүхдээ тэвэрсэн ээж, ач, зээгээ дагуулсан настан, чихэвчний хөгжмөө тултал чангалсан залуучууд, нүдээ тормолзтол будаж, нүүрээ гоодсон охид, тасралтгүй утсаар ярьж ар гэр, ажил амьдралаа зохицуулах ахимаг насныхан, гартай барьсан тортойг нь ажваас ойр зуурын хүнсээ цуглуулж яваа бололтой хосууд гээд нас, насны хүмүүс урт дараалал үүсгэжээ.

Санхүүгийн асуудал нь хувь хүний нууц бас эмзэг сэдэв тул дугаарлан зогсох иргэд чөлөө завсаргүй утсаа оролдон бие биенээсээ царайгаа нуух нь анзаарагдана. Хар саравчтай малгай дарж, хар өнгийн савхин хүрэм өмссөн 30 орчим насны залууг үйлчилгээ авахаар ирэхэд нь авсан зээлийн хүү, хэмжээнийх нь талаар сонирхвол илт төвөгшөөн “Би сайн мэдэхгүй ээ. Ганц удаа л авсан” хэмээн хариулах зуур яг ард нь зогссон урт оосортой жижгэвтэр цүнх мөрөө давуулан үүрч, хавар намрын хэрээстэй улаан куртикныхаа дээр цэцэгтэй нимгэн даавуун ороолт ороосон 50 гаран насны эмэгтэй “Хүү нь айхтар өндөр ш дээ” хэмээн бидний яриаг өлгөн авав. Эгчийг Ж.Алимаа гэх бөгөөд нэгэн сургуульд туслах ажилтан хийдэг гэнэ. Тус АТМ-ээр хэд, хэдэн удаа үйлчлүүлжээ.

“Би 300 мянган төгрөг хүртэлх зээл авч байсан. Хүү нь 21 хоноход 30 хувь. Хугацаа хэтэрвэл алданги тооцоод айхтар юм билээ. Нэг удаа эргэн төлөлтөө хийж чадахаа байгаад, өдрийн 5500 төгрөг нэмж бодогдоод балрах шахсан. Гэхдээ одоо бас зээл авах гээд л зогсож байна. Яалт ч үгүй мөнгөний хэрэгцээ гарах юм байна шүү дээ. Банк, бусад газрууд энд ,тэнд өч, төчнөөн зээлтэй, орлого муутай бидэнд зээл өгөхгүй юм. Хүүгээ жаахан буулгачихвал түргэн шуурхай нь амар юм. Манай ажлын ихэнх хүмүүс эндээс зээл авдаг даа” хэмээн учирласан юм.

Харин дугаарлан зогсох олноос зайдуухан зогсох хорь гаруй насны охиныг Л.Лхагвадулам гэнэ. Түүнийг зээлийн эргэн төлөлт хийлгэхээр ээж нь явуулжээ. Тэднийх 14 хоногийн өмнө 60 мянган төгрөг авсан бөгөөд 72 мянган төгрөгийн эргэн төлөлт хийж байгаа гэнэ. Л.Лхагвадулам “Манайх мөнгөний хэрэгцээ гарсан үед эндээс зээл авчихдаг. Хүү нь хэт өндөр санагдсан. Гэхдээ би өөрөө төлдөггүй болохоор сайн мэдэхгүй байна” хэмээн сандрангуй хариулсан юм. Ийнхүү барьцаагүй зээлийн үйлчилгээ авах, хугацаагаа сунгах, эргэн төлөлтөө хийх гэсэн иргэдийн дараалал тасардаггүй байх юм.

Бэлэн мөнгө зээлдүүлэх дээд хэмжээ нь 300 мянган төгрөг гэхээр цалингийн зээл, машины лизинг, ипотекийн зээлд “нухлуулж” яваа “зүдэрсэн” ардад түр ч болов “амьсгаа авах” шинэ боломж гэж харах сан. Гэвч амьдралаас тасарсан хүүг нь харахад “задарсан” томчуудын боловсон луйвар мэт.

Иргэдийг хуйлруулсан энэхүү зээлийн үйлчилгээний “Tmat ЗЭЭЛ” хэмээх фэйсбүүк хуудас болон http://www.tmat.mn/ хуудсаар нь зочилбол хэрхэн зээл авах, хугацаагаа сунгуулах, эргэн төлөлтийн мэдээллээ шалгуулах гэсэн хүмүүсийн сэтгэгдэл дүүрэн байна. Хэрэв энэ бүх сэтгэгдлийн эзнийг эгнүүлээд жагсаавал түрүүхэн миний нүдээр харсан урт дарааллаас хэд дахин их болох нь дамжиггүй. Цахим хуудасных нь хойморт бичигдсэн “Ердөө 20 секунд зарцуулах супер зээл” гэсэн үгийг уншихад цалингаас цалингийн хооронд амьдарч, мөнхийн мөнгөний хэрэгцээ дунд амьдарч буй хэний ч толгойд “Зээл авчихдаг ч юм уу” гэсэн бодол төрөх нь маргаангүй аж.

Энэхүү “Т-АТМ” нь Багшийн дээдийн “Төгөлдөр” төв, “Өргөө-2”, “Тэнгис” кино театр, Хорооллын эцсийн “И-Март”, “Алтжин бөмбөгөр”, Долоон буудлын эцэс дэх “Аму” плаза гэх мэт оюутан залуучууд, иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг зургаан газар байршилтай. Мөн Дархан, Эрдэнэт, Булган, Хөвсгөлд салбартай гэнэ. Үйлчилгээний тухайд иргэний үнэмлэх, хурууны хээгээ уншуулаад газар дээр нь зээлээ шийдвэрлүүлэх боломжтой ч долоо хоногийн 10 хувь, 14 хоногийн 20 хувь, 21 хоногийн 30 хувийн хүүтэй зээл олгодог байна. Хэрэв та анх удаа зээл авч буй бол орлогоосоо шалтгаалан 10-50 мянган төгрөгийн зээл авч, зээлийн давтамж, эргэн төлөлтөөс хамааран 300 мянган төгрөг хүртэлх зээл авах боломжтой аж. Хэт өндөр хүүг нь хараад нүдэндээ үл итгэн харилцагчийн зөвлөх гэсэн утсанд холбогдон тодруулбал “Манайх барьцаагүй зээл олгодог тул хүү өндөр байдаг” хэмээн тайлбарлав. Ийнхүү утасны цаанаас мадлууллаа.

Тус АТМ-ийн өөр нэгэн байршил болох “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн нэг давхраар орж баруун гар тийш эргэмэгц “Т-АТМ” гэх хаягтай тод ногоон, бэхэн цэнхэр өнгө хосолсон бэлэн мөнгөний машины өмнө хүмүүс дугаарлан зогсжээ. Энэ хэсгийн зай давчуу тул зээлийн үйлчилгээ авахаар хүлээж буй иргэд хана даган нэг эгнээнд зогссон нь цэрэг татлагаар орж буй залуусыг санагдуулам. Бэлэн мөнгөний машины хажууханд ном зардаг лангууны худалдагчаас “Энд дандаа ийм хүнтэй байдаг уу” хэмээн асуухад одоо харин ч гайгүй байна гэлээ. Өвчин зовлон гараад, олон хүн цугларч болохгүй гээд байхад хүмүүс энд байнга бужигнаж байдаг. Яг хажууд нь байдаг болохоор эдний ажилтан шиг л мэдээлэл, лавлагаа өгөх юм хэмээн инээв. Тэрбээр “Эгчээ түр мөнгө зээлээч. Эргэн төлөлтөө хийх гэсэн юм. Одоо буцаагаад аваад өгье гэж гуйх хүмүүс цөөнгүй таарч байсан” гэдгийг онцоллоо.

Дугаарлан зогсох олноос үг унагаачих санаатай яваа намайг харсан 50 орчим насны эр надад хандан “Бичлэг хийж байгаа бол унтраачих. Хуучин “өдрийн зээл” гээд өндөр хүүтэй зээл олгодог “мөнгө хүүлэгчид” байсныг хориглочихсон. Энэ яг түүнтэй ижилхэн. Үүнийг Монгол банк, өөр хаана байдаг юм бүртгэлтэй эсэхийг нь мэдэх арга байна уу?” хэмээн сэтгэгдэлээ илэрхийлсэн юм.

Эдийн засагч Б.Баярмаагаас энэхүү үйлчилгээний эргэн төлөх хугацаа, зээлийн хүүний талаар байр суурийг нь сонсоход “Банкны сарын дундаж хүү 2.2 хувь, банк бус санхүүгийн байгууллагын сарын дундаж хүү 3.5 - 4.5 хувь байдаг гэж үзвэл тухайн компанийн хүү асар өндөр байна. Банк, банк бус санхүүгийн байгууллагын шалгуурууд хэт өндөр, хүмүүсийн цалин орлого хүрэлцэхгүй, хүндрэл байдаг. Ийм учраас иргэд ямар ч хамаагүй аргаар мөнгө олж, урдах зээлээ дарахыг хүсдэг. Энэ төрлийн бизнес нь эрэлт дээр тулгуурлан үүссэн хэдий ч хэт өндөр хүү нь эргээд иргэдэд дарамт үүсгэх эрсдэлтэй.

Нэгдүгээрт, хүүний зардлын хор уршиг. Хоёрдугаарт, хэрвээ тухайн хүн зээлээ төлж чадахгүй бол зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлийн ангилалд бүртгэгдэнэ. Ингэснээр дахин зээл авах боломж багасна. Мөн зээлээ төлж чадахгүй бол сэтгэл санааны дарамтанд орох, цаашлаад өндөр хүүтэй их хэмжээний зээл авсан тохиолдолд эд хогшлоо зараад ч төлж дийлэхгүй бол амиа хорлох гэх мэт байдлыг үүсгэдэг гэсэн юм.

Түргэн шуурхай үйлчилгээ, барьцаа нэхэхгүй байдлаараа иргэдийг хуйлруулж, өндөр хүүгээрээ ядарсан иргэдийн “нурууг авч” байгаа ийм нэгэн байгууллагын талаар Санхүүгийн зохицуулах хорооноос тодруулахад “Энэ байгууллага манайд бүртгэлгүй. Иргэдээс удаа дараа ирсэн гомдлын дагуу “Зөрчлийн хэрэг үүсгэн шалгахаар болсон” хэмээн мэдэгдсэн юм.

Харин тус байгууллагын талаар тодруулахаар “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн оффис менежерт хандахад “Манайх түрээслэгч болгонтой гэрээ байгуулан ажилладаг, Т-ATM ч мөн ялгаагүй. Гэхдээ манайх хамтран ажилладаг байгууллагынхаа талаар мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. 
Муу нэртэй, луу данстай барьцаалан зээлдүүлэх газрын 14-21 хоногийн дундаж хүү 7-8 хувь байдаг. Гэтэл энэхүү зээлийн үйлчилгээний 21 хоногийн хүү 30 хувь байна. Үүнийг тэнгэрт тулсан хүү гэхгүй бол өөр ямар хүүг тэнгэрт тулсан гэх юм бэ. Бэлэн мөнгө зээлдүүлэх дээд хэмжээ нь 300 мянган төгрөг гэхээр цалингийн зээл, машины лизинг, ипотекийн зээлд “нухлуулж” яваа “зүдэрсэн” ардад түр ч болов “амьсгаа авах” шинэ боломж гэж харах сан. Гэвч амьдралаас тасарсан хүүг нь харахад “задарсан” томчуудын боловсон луйвар мэт.

Монголчууд нийтээрээ бэлэн мөнгөний хэрэгцээ, санхүүгийн асуудалтай байгаа нь үнэн. Мөн банк, банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн шаардлага хэт өндөр, бүрдүүлэх материал нүсэр байдгаас иргэд зээлийн үйлчилгээнээс гадуур үлдэх нь бий. Тиймдээ барьцаагүй зээлийн үйлчилгээний ихэнхи хэрэглэгчид тэтгэврийн насныхан, халамж, тэтгэмж авдаг иргэд, өрх толгойлсон эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагч зэрэг нийгмийн дундаж давхаргынхан байгаа юм. Бизнесийн салбарт нийгмийн эрэлт хэрэгцээг гярхай ажиглан, “овжин” байх нь зөв хэдий ч хуулийн гадуур үйл ажиллагаа явуулж, түмний халааснаас хумсалж байгаа тул зээлийн хүүдээ “нинжин” бодлого баримтлахыг “Монэкс финанс” ХХК-аас шаардаж байна.

П.Даваажаргал

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.