Эрүүл мэндийн яамнаас зургаадахь тохиолдол буюу түргэвчилсэн оношлуураар оношилсон иргэний шинжилгээний хариуг албан ёсоор танилцууллаа.
Коронавирус дэлхийн 173 улс орон болон алслагдсан нутаг дэвсгэрүүдэд тархаад буй бол вирусийн халдвар тархаагүй 62 орон үлдлээ. Өчигдөр 69 улс оронд тархаагүй байсан бөгөөд эдгээр орон ихэвчлэн Африк тив болон арлын орнууд байгаа юм. Коронавирусийн халдвар өдөрт 2-5 оронд шинээр илэрч, мөн тооны оронд COVID-19 өвчнөөр нас барсан анхны тохиолдлууд бүртгэгдэж байна.
Зарим европын орнууд гадаадын иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэдгээ мэдээлсэн байна. БНХАУ-ын Ухань хотод өвчлөл бүртгэгдээгүй. "Эрсдэлгүй хүн, эрсдэлгүй орон гэж байхгүй. Халдвар ирэх гэж байгаа юм шиг бэлэн байдлаа хангах хэрэгтэй" гэх зөвлөмжийг ДЭМБ-ын дарга мэдэгдсэн.
Хэрэглэсэн амны хаалтаа иргэд гадуур хаяж байна. Энэ нь халдвар дархах эрсдэлтэй тул хогийн саванд уяж хаяхыг зөвлөж байна.
ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, Иргэддээ хандан телевизээр хэлсэн үгэндээ "Дэлхийн II дайнаас хойш манай улсад тохиолдож буй хүнд цаг үе болж байна. Ийм үед эв нэгдэлтэй байж, эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжийг дагахыг санууллаа.
ДЭМБ-аас халдварын эрсдэл дэлхий дахины хэмжээнд маш өндөр хэвээр байна. Сүүлийн 24 цагт Европын бүс нутагт шинэ халдварын тоо 10 мянга давлаа. Улс орнууд иргэдээ аль болох гадаадын орноор зорчихгүй байх, хүнтэй 2 метрээс доошгүй зайнаас харьцах, нэг дэлгүүрт иргэдийг хоёр хоёроор оруулах зэргээр арга хэмжээ авч байна.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Тусгаарлан ажиглалтад 1706 иргэн байна. 309 сэжигтэй тохиолдлоос 6 тохиолдол батлагдсан, сэжигтэй дөрвөн тохиолдлын шинжилгээний хариу хүлээгдэж байна.
Тархи судасны эмнэлэгтэй хүүхэд Турк улсад эмчлэгдэж байгаа тул өчигдрийн онгоцоор ирээгүй. Санхүүгийн тусламж хүссэн төсөл боловсруулж дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүргүүлж байгаа.
Эмнэлгүүдийн бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа. Арьсны өвчин судлалын үндэсний төв дээр 107 орыг бэлэн байдалд байлгахаар ажиллаж байна. Түүнчлэн бусад эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангахаар сайдын өргөтгөсөн хурал өнөөдөр хийнэ.
Хятадын эрүүл мэндийн хороотой хамтран цахим хурлыг өчигдөр хийлээ. Өвчтөнөө маш хүнд, дунд, хөнгөн гээд ангилж эмчилж байгаа. Дунд, хөнгөн өвчтөнүүд 10-14 хоног эмчлэгдэж байгаа бол эмчилгээний хувьд ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу ажиллаж байгаа гэдгийг эмч мэргэжилтнүүд дурдсан.
ХӨСҮТ-өөс манай улсад нийт зургаан тохиолдол албан ёсоор бүртгэгдлээ. Өчигдөр Сэлэнгэ аймагт гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарласан.
Коронавирусийн халдвар авсан дөрвөн иргэний биеийн байдал дунд, Франц улсын иргэний биеийн байдал тогтвортой байгаа бол нэг иргэний биеийн байдал хүнд байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн удаагийн нислэгээр 1000 гаруй хүн ирсэн. Ар араас нь шинжилгээ хийж байгаа.
Эрүүл мэндийн яамнаас хөл хориог үргэлжлүүлэн хийх хэрэгтэй гэж үзэж байна. Учир нь хөл хориог тавьснаар халдвар 40 хувиар тархдаг тул эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс хөл хориог үргэлжлүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.
Истанбул-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор гуравдугаар сарын 19-ний 01.22 цагт Чингис хаан нисэх буудалд газардаж, 252 иргэн эх орондоо ирсэн. Зарим иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан бол бусад иргэдийг "Амур" зочид буудалд ажиглалтад аваад байна.
Ирсэн зорчигчдыг тусгаарлахын өмнө эрүүл мэндийн үзлэг, тандалт судалгааг хийх ажил 4-5 цаг хүртэл үргэлжилсэн. Халдвар хамгааллын дэглэмийн дагуу зорчигчдод тандалт судалгааг явуулж, тусгаарлах байр руу шилжүүлсний дараа зорчигчдоос гадна онгоцны экипаж, нислэгийн явцад ажилласан мэргэжлийн хяналтын байцаагчид, цагдаа, ОБЕГ-ын мэргэжилтэн, ХӨСҮТ-ийн эмч бүгд тусгаарлагдаад байгаа.