Их Британийн Засгийн газар энэ долоо хоногийн баасан гарагаас эхлэн бүрэн дунд сургуулиудын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргалаа. Ингэхдээ чухал үүргийн албан хаагчдын болон эмзэг бүлгийн хүүхдүүдийг харах үйлчилгээнээс бусад сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсооно гэдгийг Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ.
Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд Их Британийн бүрэлдэхүүн Англи, Уэльсэд энэ жил академийн шалгалт авахгүй бөгөөд Шотланд, Ирландад шалгалтуудыг хойшлуулахаар яригдаж байна. Их Британид нэг хоногийн хугацаанд Ковид-19 цар тахлын улмаас нас барсан иргэд 33-р нэмэгдэж 104-т хүрсэн ба халдварын 2,626 тохиолдол илэрчээ.
Засгийн газрын зүгээс хөнгөн ханиадны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд иргэдийг гэртээ байж өөрийгөө тусгаарлахыг телевиз, радио, интернэт зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ашиглан уриалж байна.
Гэвч иргэдийн дунд Засгийн газар өнөөдрийг хүртэл халдварт вирустэй тэмцэхийн тулд сургуулиудыг хааж, хорио цээр тогтоох зэрэг яаралтай урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй нь эргэлзээ, бухимдал төрүүлж байгаа юм. Хэрэв эрт арга хэмжээ авч эхэлсэн бол халдварын тархалт энэ хүртэл өргөн хүрээг хамрахгүй байсан гэж үзжээ.
Эх сурвалж: ВВС