Манай эрний 878 онд буюу Тан гүрний үед амьдарч байсан язгууртан эмэгтэйг өөрийнх нь хүсэлтээр хайртай илжигнүүдтэй нь хамт оршуулжээ. Куй Ши хатагтай илжгэн поло тоглох маш дуртай байсан бөгөөд хойд насандаа ч дуртай спортоо орхихыг хүсээгүй бололтой.
Судлаачид түүний бунхныг Хятадын Ши-ан хотоос 2012 онд олжээ. Тэд эхэндээ илжигнүүдийг яагаад бунханд бусад эд зүйлстэй хамт оршуулсныг гадарлахгүй байв. Археологичид урьд өмнө ийм зүйл огт хараагүй байна.
Гэвч энэ долоо хоногт Antiquity сэтгүүлд нийтлэгдсэн Тан гүрний язгууртнууд хэрхэн амьдардаг байсан талаарх шинжлэх ухааны нийтлэл, баримтуудыг уншсанаар хариултаа олжээ. Бунханг судалсан эрдэмтдийн ахлагч Сонгмей Ху Куй Ши шиг өндөр хэргэм зэрэгтэй хатагтай илжиг унаж ашиглах шаардлагагүй байсан тул бид анхандаа эргэлзсэн хэмээжээ.
Харин сэтгүүлд нийтэлсэн баримтанд эрт үед язгууртнууд Lvju гэж нэрлэдэг илжгэн поло тоглодог байсан талаар дурдсан байна. Үнэндээ Куй Ши хатагтайн бунхан үүнийг гэрчлэх гол баримт нотолгоо юм. Хатагтай амьд байхдаа чадварлаг поло тоглогч Бао Гаотай гэр бүл болжээ. Морин поло тоглоход хэтэрхий аюултай учир Бао Гао нэг нүдээ алдсан байна. Тиймээс язгууртнууд илжгэн поло тоглохыг илүү аюулгүй гэж үздэг болжээ.
Поло тоглох нь Тан гүрний үед Хятадын нутаг дэвсгэрт ихээхэн тархсан байна. Манай эриний өмнөх 247 оноос манай эриний 224 оны хооронд Иранаас гаралтай гэж үздэг поло тоглоом 618-907 оны хооронд оршин тогтнож байсан Тан улсад түгээмэл дэлгэрчээ.
Эх сурвалж: CNN