Коронавирусийн халдварын тохиолдол АНУ-ын 50 мужид тархсанаас үүдэж нийтийн эрүүл мэндийг хамгаалах агентлагаас хайртай дотны хүмүүстэйгээ салах ёс гүйцэтгэж буй гашуудагчдыг нэг дор олноороо цуглалгүй оршуулах ёслолд цахим хэлбэрээр оролцохыг уриалжээ. Тус улсад халдварын тохиолдол 6,500-д хүрч, 110 гаруй хүн нас барсан байна.
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвөөс улс орон даяар үйл ажиллагаа явуулдаг оршуулгын газруудад хандан гашуудагчдыг хэт олноор цуглахаас сэрэмжилж цөөн хүн байлгах, бусад хүмүүстэй цахимаар салах ёс гүйцэтгэх боломж олгохыг хүссэн байна.
Энэ нь коронавирусээр халдварлаж нас барсан иргэдтэй салах ёс гүйцэтгэхэд эрсдэлтэй гэдэг үүднээс бус олон нийтэд хорио цээрийн дэглэмийг баримтлуулж, 10-аас дээш хүн цуглахыг хориглосон тогтоолын хүрээнд гаргаж буй уриалга гэдгийг холбогдох хүмүүс тайлбарлажээ.
Зарим оршуулгын газрууд уриалгыг хэдий нь хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэд үйлчлүүлэгчдэдээ хандан салах ёс гүйцэтгэхийг хүссэн ойр дотны хүмүүст нь арга хэмжээг live-stream шууд дамжуулалтаар холбох санал тавих болжээ. Тухайлбал Нью-Йоркийн Сиракюст байдаг оршуулгын газрын захирал адислагч ламыг камераар холбон үйл ажиллагаагаа явуулжээ.
Бусад улс орнуудын жишээг дурдвал Их Британийн цөөн оршуулгын газарт цахимаар салах ёс гүйцэтгэх үйлчилгээг санал болгосон байна. Ирландад оршуулгын үеэр гашуудагчдыг нэгнээ үнсэхгүй байхыг сэрэмжлүүлжээ.
Харин Итали улсад коронавирусийн халдварын тохиолдол 31,500 гарч, 2,500 гаруй хүн нас бараад байна. Алслагдсан жижиг тосгон суурингуудад оршуулгын газрууд 24 цагийн турш зогсолтгүй ажиллаж байгаа ч хүчин чадал нь хүрэлцэхгүй байгаа юм.
Эх сурвалж: ВВС