Дэлхийн нийтээрээ коронавирусийн эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулж буй энэ үед хамгийн олон хэрэглэгчтэй цахим сүлжээ Facebook компани ажилчдадаа дэмжлэг үзүүлж тус бүр 1,000 ам.долларын урамшуулал өгөхөө мэдэгджээ.
Энэ нь гэрээсээ ажиллаж байгаа ажилтнууддаа хүүхэд асрагч хөлслөх, гэр оффисоо тохижуулах зэрэг нэмэлт зардалд хувь нэмэр оруулж буй явдал хэмээн мэдээлсэн байна. Тус компани дэлхий даяар 45,000 ажилтантай бөгөөд гэрээт болон хагас цагийн ажилчдад урамшуулал олгохгүй ажээ.
Facebook компани энэ сарын эхэнд цагийн ажилчдынхаа ажлын цагийг багасгасан ч тогтмол цалинг нь өгөхөө мэдэгдэж байсан юм. Компанийн удирдлага ажилчдадаа урамшуулал олгохоос гадна дэлхийн 30 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг жижиг бизнес эрхлэгчдэд зориулж 100 сая ам.долларын нэмэлт дэмжлэг үзүүлэхээ амлажээ.
Эх сурвалж: BBC