Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлж, ард иргэдээ хамгаалахын тулд АНУ-ын Невада мужийн захиргаа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бүх казино, зоогийн газар, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ.
Лас Вегас хотод үйл ажиллагаа явуулдаг цөөн казино хаалгаа барьсан ч ихэнх нь хэвийн ажиллаж байсан бол мужийн захиргааны шийдвэрээр бүх казиног орон нутгийн цагаар лхагва гарагийн өдрөөс эхлэн сарын хугацаанд хааснаар алдарт Вегас чимээгүй хотуудын эгнээнд шилжиж байна.
Энэ дашрамд мэдээлэхэд коронавирусийн идэвхгүй халдвар илрээд байсан 17 настай нохой нас барсныг Хонконгийн эрх баригчид мэдээлжээ. Нохой тусгаарлагдаж байгаад эмчлэгдэн гарч, хоёр хоногийн дараа үхсэн байна. Уг нохойн эзэн коронавирусийн халдвартай болохыг тогтоосны дараа тэжээвэр амьтнаас нь илэрсэн тул халдвар хүнээс амьтанд халдварлаж байж болзошгүй гэсэн таамгийг эмч мэргэжилтнүүд дэвшүүлсэн юм. Гэвч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тэжээвэр амьтад Ковид-19-р халдварласан тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй гэж үзэж байна.
Эх сурвалж: ВВС, The Guardian