СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ярилцлага | 2020-03-18

Э.Халиун: Бизнес эрхлэгчдэд онцгой нөхцөлд ажиллах хууль хэрэгтэй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

“Covid-19” бизнесийн салбарыг уналтад оруулж байгаа учраас худалдааны төвүүдийг түрээсээ хөнгөлөхийг уриалж, онцгой нөхцөлд ажиллах тусгай журам гаргах санаачлагыг гаргаад буй “Супер рубин” компанийн захирал Э.Халиунтай ярилцлаа.

-Xудалдааны төвүүдийг түрээсээ хөнгөлөхийг уриалж Засгийн газарт хүртэл хандлаа. Бизнес эрхлэгчдийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор хөл хорио тогтоогоод хоёр сар боллоо. Үүнээс болж бизнесүүд маш хүнд байдалд орлоо. Хэдийгээр дэлгүүр үйлчилгээний байгууллагуудыг ажиллахыг зөвшөөрсөн ч гэсэн үйлчлүүлэгч, худалдан авагчгүй болохын дээр гадаадаас бараагаа татан авах боломжгүй болчихлоо.

Ерөнхийдөө бизнес бүрэн хумигдсан гэж хэлж болно. Гэтэл лангуу түрээсэлж, бизнес эрхэлж байгаа хүмүүсийн ар гэр давхар орлогогүй болж байна. Бизнес эрхлэгчид банкны зээл, татвараа төлж чадахгүй боллоо. Өдрийн зээлээр бизнесээ аргацаадаг хүмүүс ч бий. Төрийн зохицуулалт хийхгүйгээр хөл хорио тогтоочихоор хүн бүр сандралдаж учраа олохгүй болчихлоо.Гэтэл банк болоод түрээслүүлэгчид орлогогүй болсон ч гэсэн түрээс зээлээ нэхэж, хүү алдангиа тооцож л байна шүү дээ. Томоохон компаниуд хангалттай хагас жилийн нөөцтэй байдаг бол жижиг дунд бизнес эрхлэгчид сөхөрч гүйцлээ.

-Эдийн засгийн хүнд нөхцөлд бусад улс орнууд нэлээдгүй арга хэмжээ авч байна. Тэдний сайн туршлагыг судалж Монголын хөрсөн буулгах ямар гарц байна вэ?

-Ихэнх улс орнууд ипотекын зээлээ хойшлуулчихлаа. Туршлагатай, том зах зээлтэй улс орнууд онцгой нөхцөлд ашиглах хуультай. Түүнийхээ дагуу шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч, бизнес эрхлэгчдээ эрсдэлээс хамгаалах бодлого баримталж байна.

Харин өнөөдрийнх шиг цар тахал манай улсад анх удаагаа тохиолдож байгаа учраас туршлагагүй, бэлтгэлгүй . Хууль дүрмийн хувьд ч бэлэн аваад ашиглачих зохицуулалт алга. Мөн сэтгэл санааны бэлтгэл дутмагаас айж сандралдаж дэлгүүр рүү гүйлдэж байна. Түүнээс бизнес эрхлэгчид зээлээ төлөхгүй байна гэж үгүй. Гэхдээ төр засаг, бизнес эрхлэгчид зүгээр суухгүйгээр эдийн засаг, улс орноо аврах санаачлага гаргаж цаг алдахгүйгээр ажил хэрэг болгохгүй бол эдийн засгийн хямрал, дарамт иргэдийн нуруун дээр ирж байна.

Хонгконгод худалдаа эрхлэгчдийнхээ түрээсийг 60-100 хувь чөлөөлсөн бол Италид ипотекийн зээлээ тэглэж, хугацааг нь сунгалаа. Хятад улс хоёрдугаар сарын 6-наас тавдугаар сар хүртэл бүх түрээс, банкны зээлийг уян хатан болгож зохицууллаа. Манай улсын хувьд хэдийгээр төрийн зохицуулалт байхгүй ч гэсэн хамтарч ажиллаж байгаа бизнес эрхлэгчид нэгнээ ойлгож дэмжиж түрээсээ бууруулах юм уу чөлөөлөх асуудал хамгийн чухал байна.

-Түрээсийг буулгах, чөлөөлөх санаачлагын үр дүн ямар байна вэ. Мөн МҮХАҮТ, банкны холбоотой хэрхэн хамтарч ажиллахаар болов? 

-Түрээслэгчдэд бодитой дэмжлэг болох үүднээс хамгийн багадаа түрээсээ 50 хувь бууруулах уриалгыг гаргасан. Жижиг гэлтгүй томоохон захууд түрээсээ 50 хувь бууруулахаас гадна тэглэсэн сайхан мэдээлэл ирсээр байна. Дүнжингарав, Хүчит шонхор, Саруул зах, Их наяд төвүүд түрээсээ бууруулж, чөлөөлсөн мэдэгдлээ ирүүлсэн. Мөн орон нутагт энэ санаачлага маань эрчимтэй өрнөж үр дүн гарсаар байгаа.

Дунджаар 20 гаруй худалдааны төв түрээсээ бууруулсан гэж бодоход багадаа 50, 200, 400 түрээслэгчтэй гэж үзэхэд одоогийн байдлаар арав мянга гаруй бизнес эрхлэгч түрээсээ хөнгөрүүлсэн байна. Нийслэлд 20 гаруй хувь нь түрээсээ бууруулсан. Түрээсээ бүрэн чөлөөлсөн газрууд ч цөөнгүй бий. Энэ бол маш том дэмжлэг төдийгүй бизнесийн хамтрагчдын хувьд ирээдүйн хүндлэл, итгэлцлийг бий болгож өгч байна. Эсрэгээрээ орлогогүй байхад түрээсээ нэхэж байгаа газрууд ч олон байна.

Засгийн газар бидний хүсэлтийг хурдан шийдвэрлэж өгөхгүйгээс маш их хугацаа алдаж бизнес эрхлэгчид улам хүнд байдалд орж байна. Бид МҮХАҮТ-ынхантай уулзахад давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гаргаж өгөх боломжтой гэсэн. Гэхдээ түрээс нь нэг сая төгрөгийн дотор байх ёстой юм билээ. Банкны холбоо ч мөн адил дэмжихээ илэрхийлсэн. Гэтэл манай улсын инфляцийн түвшин, бодлогын хүү өндөр учраас муйхарлаж болохгүй. Тиймээс онцгой нөхцөлд хэрхэн ажиллах талаар эдийн засгийн нэгдсэн системээр нь авч үзэх шаардлагатай. Түрээсийн хувьд түрээслүүлэгчидтэй зохицоод явах боломжтой бол банкны тал дээр төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй. Зээлгүй бизнес эрхлэгч гэж бараг байхгүй учраас зээлийн дарамтыг багасгах зохицуулалтыг төрөөс хийх хэрэгтэй.

Засгийн газар хөл хорио тогтоосон хэрнээ дэлгүүр үйлчилгээний газруудыг ажиллуулж байгааг гайхаж байна. Муугаар ярихад ямар нэг вирустай хүн үйлчлүүллээ гэхэд хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Орлого орохгүй нь тодорхой байхад үйлчилгээний газруудыг ажиллуулж байгаа нь түрээслэгчдийг улам хохироож байна. Энэ мэтээр уялдаа холбоо үнэхээр алга. Хорих гэж байгаа бол бүгдийг нь хаачихвал ядаж айдасгүй.

-Бизнес эрхлэгчдэд Засгийн газраас яг ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?

-Засгийн газар түрээслүүлэгчдийг түрээсээ доод зах нь 50 хувь бууруулах уриалга гаргаад ажиллаасай. Орлогогүй хүнд нөхцөлд түрээсээ бүрэн нэхэж дарамт шахалт үзүүлж байгаад нь хариуцлага тооцох хэрэгтэй. Харин түрээсээ бууруулж бизнес эрхлэгчдээ дэмжсэнийг нь татвараар ч юмуу дэмждэг байгаасай.

Банкны зээлийг хойшлуулах зэргээр бүх зүйлд уялдаа холбоотой нэгдсэн системтэйгээр ажиллах хэрэгтэй.

-“Супер рубин” компани эдийн засгийн энэ нөхцөлд гадаадын хөрөнгө оруулагчидтайгаа хэрхэн хамтран ажиллаж, бизнесээ ямар арга барилаар удирдаж байна вэ?

– Эдийн засгийн энэ байдал зөвхөн Монголд тохиолдоогүй учраас гадаад түншүүд дэмжлэг үзүүлж, зохицуулалт хийж байна. Манай компаниуд гадаадаас бараа бүтээгдэхүүнээ оруулж ирдэг. Гадны харилцагчид бол нөхцөл байдлыг ойлгож төлөлтөө тавдугаар сар хүртэл хойшлуулах зэргээр зохицуулалт хийж байна. Гэтэл манай улсын түрээслүүлэгчид хэрхэн хандаж байгааг худалдаа эрхлэгчдээс сонсоход өрөвдмөөр санагдсан. Уг нь түрээс бол цэвэр орлого учраас хүн чанар гаргаад ойлголцоод явах боломжтой.Түрээсээ төлж чадахгүй бол гар гэсэн айдастай худалдаа эрхлэгч олон байна. Түрээсээ төлж чадахгүй хөөгдөөд гарлаа гэхэд дахиад өөр газарт төвхнөхөд асар их зардал, цаг хугацаа алдана.

Бизнес эрхлэхэд хамтран ажиллаж байгаа түрээслүүлэгч, түрээслэгч хоёрын харилцаа, гэрээний нөхцөл ямар чухал байдгийг харуулж байна. Гэрээнд ихэвчлэн түрээслүүлэгчийн эрх ашгийг хамгаалсан байдгаас биш түрээслэгчтэй холбоотой заалт ховор юм билээ. Гэрээнд гал, ус, үер гээд байгалийн гамшгийн давагдашгүй нөхцөл байдал гэж заахаас биш өнөөгийнх шиг цар тахалын үед хэрхэн ажиллах талаар ойлголт, журам алга. 2003 онд SARS айхавтар нөлөөлөөгүй учраас одоогийн нөхцөлд байдалд бэлтгэсэнгүй. Тиймээс онцгой нөхцлийн үед бизнес эрхлэгчид хэрхэн ажиллах талаар Хуульчдын холбоотой хамтарч ажиллаж хууль санаачилж өргөн барих хүсэлтэй байгаа.

Хүний амь нас эрүүл мэндээс чухал зүйл гэж үгүй. Тиймээс хүнд хэцүү байсан ч бүх салбарынхаа үйл ажиллагааг зогсоосон. Харин өчигдрөөс /уржиг-дар/ ажиллаж эхэлж байна. Манай компани үйлчилгээний салбар учраас ажилтнуудаа авч үлдэхийг зорьж байна. Аль болох зайнаас ажиллаж, долоо хоногоор хуваагдах маягаар ажиллаж байна. Эдийн засгийн хямралтай үед ашиг харах боломжгүй. Өнгөрсөн хоёр сарыг харахад компанийн орлого 90 хувь буурсан. Ямар ч борлуулалтгүй болсон. Хөл хорио тавигдсан ч гэсэн ирэх зургаан сар, магадгүй энэ жилдээ эдийн засаг хямралаас гарахгүй байх.

-Гадаадад бизнес эрхэлж байгаад Монголд ирэхэд бизнесийн орчин нөхцөл ямар санагдсан бэ?

-Нэг бодлын Монголд их амар. Зарим нэг зүйл дээр ойлголцоод явж болдог. Харин танилын хүрээ, арын хаалгаар бүх зүйлийг хараад байдаг нь үнэхээр шударга бус, хэцүү. Харилцан тохиролцоод бүх зүйлээ нарийн төлөвлөж бэлтгэчихээд хэдэн сараар хүлээж байхад гэнэт больчихлоо гэдэг. Тэгээд юу болов гэхээр танил, найз нөхөд, даргын танил авахаар болчихлоо гэдэг.Шударга бус биз дээ. Тэр болгонтой ёс журам, итгэлцэл ярьж сөргөөлцөлдөөд явж л байна даа.

– DYRBERG/KERN-тэй холбоотой гадаадад хямд зарагддаг үнэт эдлэлийг Монголд өндөр үнээр худалдаалж байна гэсэн утгатай шуугиан нэг хэсэг дэгдлээ?

– DYRBERG/KERN брэндтэй хамтарч ажиллаад найман жил болж байна. Албан ёсны дистрибьютер байна гэдэг өөрөө үнэ цэнэ юм. Аль болох дэлхийн жишиг үнийг Монголдоо байлгахын төлөө хичээдэг. Хэрэглэгчид маань гадаадаас биш Монголоосоо худалдан авалт хийгээсэй гэсэн хүсэл эрмэлзлэлээр ажилладаг. Тэр утгаараа DYRBERG/KERN брэнд ч дэлхийн хаана ч байсан нэг үнийн бодлого баримтлахыг хичээдэг.

Зохион байгуулалттай ташаа мэдээлэл явсанд нэг их эмзэглээгүй. Хэрэглэгчид манай брэндийг мэднэ. DYRBERG/KERN брэнд 3000 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй. Үүний 20-иод нь л designer limited буюу нэг л удаа хийгддэг. Энэ үнэ цэнийг ойлгох хэрэгтэй. Ташаа ойлголтыг залруулахын тулд төв компаниас гэрчилгээ бүх мэдээллийг авч олон нийтэд хүргэсэн л дээ.

С.УЯНГА

2020.3.18 ЛХАГВА № 52 (6277)

 
Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.