Ковид-19 цар тахлаар дэлхийн 165 улс, тусгай бүсийн 198,000 хүн халдварлаж, 8,000 орчим иргэн нас баржээ. АНУ-д халдварын тохиолдол нэмэгдэж 6,500 орчимд хүрч, 109 хүн нас барсан тухай мэдээллээ. Тус улсын 30 мужид халдварын тохиолдол бүртгэгдээд байсан бол бүх 50 мужид бүртгэгдээд байна.
Олон нийтийн үйлчилгээний газруудыг хааж, иргэдийг гэртээ байхыг уриалж буй Нью-Йорк хотын дарга Билл дэ Бласио хорио цээрийн дэглэмийг улам чангатгах шийдвэрийг хоёр хоногийн дотор гаргахаар болжээ. Тэрээр Нью-Йорк хотын түүхэнд ийм хэмжээний хорио цээр тавигдаж байсныг сонссон удаагүй учир шийдвэр гаргахад маш хүнд байгаа гэдгээ хэлсэн байна.
АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс Цагаан ордон цэрэг армиас тусламж хүсч магадгүй талаар мэдэгджээ. Хэрэв коронавирусийн тархалт их байгаа мужуудын захирагч нар хүсэлт тавибал халдварын халуун цэгүүдэд хээрийн эмнэлэг барихад армийн цэргүүдийг дайчилна гэжээ. Түүнчлэн арми энгийн иргэдэд үйлчлэх коронавирусийн шинжилгээний тусгай зөвшөөрөлтэй 14 лаборатори нээхээр болсон байна. Улсын 50 мужийн 11 мужид баар,зоогийн газруудыг хаах шийдвэр гаргажээ.
Энэ жилийн 11 дүгээр сард АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль явуулахаар төлөвлөсөн. Сонгуулиар дахин сонгогдохоор ажиллаж буй Ерөнхийлөгч Дональд Трамп улс орныг бүхэлд нь хорио цээрийн дэглэмд шилжүүлж болох ч тэгэх шаардлагагүй, энэ бол маш том алхам хэмээн мэдэгджээ.
Европын Холбоо түүхэндээ хамгийн хатуу хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлж байгаа бол Австрали улсын Засгийн газар хүн төрөлхтний биологийн аюулгүй байдлыг хамгаалах онц байдал зарлаж нөхцөл байдал ирэх хагас жилийн турш үргэлжилнэ хэмээн таамаглаж байна. Харин Их Британи даяар зоогийн газар, музейнуудын үйл ажиллагааг түр зогсоосон билээ.
Эх сурвалж: BBC, The Guardian