Коронавирустэй холбоотой асуудлаар ЭМЯ-наас өнөөдөр мэдээлэл хийлээ.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа
"Сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдсэн тохиолдол гарсангүй. БНХАУ-аас гадна 27 улсад халдвар бүртгэгдээд байгаа бөгөөд тэдгээр улсуудад шинээр бүртгэгдсэн долоон хүн бүгдээрээ БНХАУ-д зорчсон байна. ХӨСҮТ-ийн хэрэгцээнд цөөн тооны хамгаалалтын хувцас, хэрэглэл ирүүлэхээр болсон. ДЭМБ-аас гаргасан зөвлөмжид нэг метрийн зайд халдвар тархах эрсдэлтэй гэж үзсэн тул олон нийтийн газар ханиахгүй байх, ханиад томуутай бол амны хаалт хэрэглэх, иргэд сонор сэрэмжээ алдахгүй амны хаалт, гараа тогтмол угаахыг зөвлөж байна" гэв.
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:
Хилийн чанадад байгаа монгол иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах талаар бусад улс дахь ЭСЯ-даараа дамжуулан тасралтгүй ажиллаж байна. Нэгдүгээр сарын 28-нд Хятад улсын хил нээгдсэнээс хойш өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар 5200 Монгол иргэн эх орондоо ирсэн. Эрээний консулын газарт 150 иргэн эх орондоо ирэхээр мэдүүлгээ өгсөн. Энэ хүрээнд өнөөдөр дээрх иргэдийг авчрах ажлыг хийж байна. Хоёрдугаар сарын 06-наас эхлэн Хятад улстай хиллэдэг боомтуудыг хааж, агаарын болон төмөр замаар монгол иргэдээ оруулна. Гадаадад байгаа иргэддээ хандаж тухайн улс дахь ЭСЯ болон дипломат төлөөлөгчдийн газартаа бүртгүүлбэл аюулгүй байдлыг хангах, мэдээллийг түгээхэд илүү ач холбогдолтой.
МХЕГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар
"Манай улсад БНХАУ-тай хиллэдэг 18 боомт байгаагийн 5 нь хаагдсан байгаа. Хязгаарлалт тогтоосон байгаа энэ үед зарим зөвшөөрөгдсөн боомтоор иргэдээ нэвтрүүлж байна. Өчигдөр гэхэд Гашуунсухайт-Шивээхүрэн боомтоор 130 иргэн орж ирснийг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран шинж тэмдгийн хяналт хийсэн. Одоогоор иргэдээс шинэ коронвирусийн халдварын шинж тэмдэг илрээгүй. Мөн иргэдийн тээшинд хяналт тавьж, боловсруулаагүй болон далайн гаралтай хүнсийг хурааж, устгалд оруулж байгаа. Өвчний голомт буюу Ухань хотоос хоёр чингэлэг ачаа ирснийг ариутгал хийн хилээр нэвтрүүлсэн.
Засгийн газрын нөөц хөрөнгөөс хилийн мэргэжлийн хяналт болон хамгаалалтын чиглэлд 1.2 тэрбум төгрөгийг шийдвэрлэснийг термокамер авах, байцаагчдад хамгаалах хувцас хэрэглэл авахад зарцуулаад явж байгаа" гэлээ.