Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, мөн цаг агаар энэ долоо хоногоос эрс дулаарч, нэмэх хэмд хүрч байгаатай холбогдуулан хотын гудамж талбай, ялангуяа олон нийт ихээр зорчдог барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж эхэллээ.
Халдваргүйжүүлэлтийг Сүхбаатарын талбайгаас эхлүүллээ.
Нийт 180.8 км урттай хатуу асфальтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудад ариутгал хийнэ. Ингэхдээ тусгай зөвшөөрөл бүхий 38 компанийн 164 ариутгагч, 27 моторт төхөөрөмж, 33 мананцар үүсгэгч машин, 176 автомакс, халдваргүйтгэлийн тусгай зориулалтын гурван машинаар, Хот тохижилтын газрын мананцар үүсгэгч том оврын таван машин техник, "Сүхбаатар дэвшил" ОНӨААТҮГ-ын нэг мананцар үүсгэгч машин, "Хан-уул агро" ОНӨААТҮГ-ын ус шүршигч машинаар хотын гудамж талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийх юм байна.
Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг цаашид тогтсон хуваарийн дагуу хийгдэх бөгөөд энэ долоо хоногийн мягмар болон лхагва гарагт хотын гол гудамж талбайд, пүрэв, баасан гарагт гэр хорооллын гудамж талбайд хийнэ.