Долоо хоногийн өмнө гэхэд Даррин Диксон коронавирус түүний ажил амьдралд нөлөөлнө чинээ огт саналгүй явжээ. Гэвч өнөөдөр Ковид-19 цар тахал түүний хүнс ногоо хүргэлт, ханган нийлүүлэлтийн үйлчилгээний бизнесийг тасалдуулж гурван ч хүн ажилгүй сул зогсоход хүрснээр нойргүй хонох болсон байна.
“Цаашид юу болохыг бид мэдэхгүй учир айж, шөнө нойр хүрэхээ больсон” хэмээн Диксон ярьжээ. Энэ бол коронавирусийн тархалт АНУ, цаашлаад дэлхийн эдийн засагт, бизнес эрхлэгчдэд хэрхэн хүндрэл учруулж буйг харуулсан наад захын жишээ юм.
Нислэгийн компаниуд, зочид буудлууд, амралт зугаалгын цэнгэлдэх хүрээлэнгүүд, спортын арга хэмжээнүүд төдийгүй жижиг бизнес эрхлэгчид ч зогсонги байдалд орж байна. Эдийн засгийн шинжчээдийн дүгнэснээр АНУ-д эдгээр байгууллагуудын ажилчид, бизнес эрхлэгчид гээд 80 сая орчим ажлын байр өндөр эрсдэлд оржээ. Энэ нь тус улсад ажил эрхэлдэг 153 сая иргэний тэн хагасаас илүү байгааг Moody’s Analytics мэдээлсэн байна.
Өндөр эрсдэлд багтах нь ажлын байраа бүрэн алдана гэсэн үг биш юм. Гэхдээ тайвширч болохгүй. Учир нь 10 сая ажилчин цалингаа авч чадахгүй, халагдах, цомхотголд орох эрсдэлтэй гэдгийг Moody’s Analytics-ын ахлах эдийн засагч Марк Занди хэлж байна.
Түүний хэлснээр тээвэр зуучлал, аялал жуулчлал, цагийн ажил, түр туслах ажил, хувийн бизнес, угталтын салбарын 27 сая ажлын байр хамгийн өндөр эрсдэлтэй салбарт тооцогдож байгаа юм. Харин дундаж эрсдэлтэйд худалдаа борлуулалт, үйлдвэрлэл, барилга байгууламж, боловсролын салбарын 52 сая ажлын байр багтжээ.
“Иргэдийн худалдан авалт буурч байна. Хөрөнгийн бирж, үнэт цаасны зах зээл огцом доошиллоо. Би болон эцэг эх маань өвдчих боловуу гэсэн айдас, сэтгэл санааны зовиур нэмэгдэж байгаа нь ажлын байрны эрсдэлийг улам бүр нэмж байгаа” хэмээн эдийн засагч үргэлжлүүлэн тайлбарлажээ.
Цагаан ордны Эдийн засгийн зөвлөлийн тэргүүн байсан Кевин Хассет халдварт вирусийн нөлөө эдийн засагт маш хурдан мэдрэгдэж байгаа гэж үзжээ. Ирэх долоо хоногт гарах өөрчлөлтүүдээс болж нэг сая ажлын байр үгүй болно хэмээн тэрээр таамаглаж байна.
Эх сурвалж: CNN