Дэлхийн долоон гайхамшгийн нэг хэмээн гайхагдаж ирсэн Таж Махал цогцолборыг коронавирус цар тахлын халдвар тархахаас сэргийлж түр хаах шийдвэрийг Энэтхэгийн эрх баригчид гаргажээ. Энэтхэгийн Соёлын сайд мөнхийн хайрын бэлгэ тэмдэг болсон дурсгалын газарт өдөрт хэдэн арван мянган жуулчин ирдэг тул түр хаах нь халдварын тархалтаас сэргийлэх чухал алхам гэдгийг мэдэгдсэн байна.
Албан ёсны тооцооллоор Таж Махалыг үзэх гэж өдөрт 70,000 жуулчин ирдэг ажээ. Энэтхэг улсад коронавирусийн халдварын 114 тохиолдол бүртгэгдэж хоёр хүн нас барсан байна.
Таж Махалаас гадна бусад соёлын өв болсон түүхэн дурсгалт газрууд, музей, барилгуудыг улс орон даяар хааж иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахаар шийдвэрлэжээ. Соёлын сайд Прахлад Пател хорио цээр энэ сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилнэ гэжээ. Мөн нөхцөл байдлаас шалтгаалан хугацааг сунгаж магадгүй гэдгийг мэдэгджээ.
Энэтхэгийн Засгийн газар Ковид-19 вирустэй тэмцэхийн тулд сарын хугацаанд жуулчны болон бусад онц шаардлагатай бус виз олгохыг сарын хугацаанд хориглож, визгүй зорчдог орнуудын иргэдийг дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл хүлээж авахгүй ба улс оронд нэвтэрсэн тохиолдолд 14 хоног тусгаарлах, бүрэн дунд сургууль, коллеж, кино театруудыг энэ сарыг дуустал хааж, Энэтхэгийн Премьер лигйн тоглолтыг ирэх сарын дунд хүртэл хойшлуулжээ.
Эрүүл мэндийн шинжээчид Энэтхэг улс эрсдэл өндөртэй улс орнуудын тоонд багтаж байгаа тул олон нийтийн хөл хөдөлгөөнийг хорих шаардлагатай гэж үзэж байна.
Эх сурвалж: ВВС